Хадаг ороож, мунаар нүдүүлж халцарсан мод

Facebook Twitter

Дарвинаас хойш хүн төрөлхтөн модыг биеэ даасан гоонь, ус, шим тэжээл, нарны гэрлийн төлөө өрсөлддөг, хүчтэй нь хүчгүйгээ сүүдэрлэж шим тэжээлийг нь ховх сордог гэсэн ойлголттой явж ирсэн. Гэтэл сүүлийн үед энэ онолыг үгүйсгэсэн шинжлэх ухааны олон баримт нотолгоо гарч ирсээр байна.

Мод нь аварга том болтол ургахдаа хүний адил ээдрээтэй нугачаатай амьдралыг элээдэг бөгөөд оршин тогтох нь бие биенээсээ харилцан хамааралтай байдаг аж. Хөрсөн дахь нарийн хялгасан үндсээрээ мөөгөнцрийн судал сүлжээгээр дамжин хоорондоо холбогдож нарны гэрэл, шингэнээр дутмаг нялх мод, өвдсөн нэгтэйгээ ус, шим тэжээлээ хуваалцдаг. Ойн түймэр, ган гачиг, хортон шавжийн дайралтын үед энэ сүлжээгээрээ түгшүүрийн мэдээлэл голдуу дамжуулж тохирох арга хэмжээ авдаг. Тэр ч байтугай зуу илүү жилийн өмнө унасан аварга эх эвэрлэг модны хожуул нь навч мөчиргүй байж хлорофиллтой ногоон байгаа нь тойрч ургасан хөршүүд нь сүлжээгээрээ шим тэжээлээ одоо болтол хуваалцсаар байгаагаар тайлбарлагдах бөгөөд үхсэн нэгнээ тэр бүр эцсийн замд нь үдэх хүсэлгүй мэт.

Өөр төрлийн мод хүртэл хоорондоо эвсэж сүлжээ үүсгэдэг байна. Царс мод өөр хоорондоо болон агч модтой харилцан сүлжээ, эвсэл үүсгэн тэжээлийн нөөцөө хуваалцаж мэдээллээ солилцоно. Уг нь байгалийн сонгон шалгаруулах хуулиар тэд өрсөлдөх ёстой гэтэл тэд амьдрах орчин нь тогтвортой байж өсөн үржих, удаан амьдрах орчин нь бүрддэг тул бие биенээ ингэж дэмждэг аж.

Мөөгөнцөр нь модонд зөвхөн мэдээлэл, шим тэжээлийг нь дамжуулах бус бас хөрснөөс фосфор, азот бусад эрдсээр хангадаг. Энэ бүх үйлчилгээнийхээ оронд нь дамжуулж буй шим тэжээлээс нь зохих хувийг хүртэж амьдрах гол хоолоо залгуулна. Энэ нь мод мөөгөнцөр хоёрын хооронд симбиоз буюу харилцан ашигтай хамтран орших зохилдлогоо юм. Модны дээрх бүх гайхамшигт шинж чанарыг эрдэмтэд нээгээд удаагүй бөгөөд дөнгөж зах зухаас нь ойлголттой болж байгаа аж.

Мод, хүн хоёр мөн симбиоз харьцаатай гэж болох. Хүн хүчилтөрөгчөөр амьсгалж, нүүрсхүчлийн хий ялгаруулдаг бол мод энэ нүүрсхүчлийн хийгээр нь амьсгалж хүчилтөрөгчийг нь ялгаруулж өгнө. Хоёр тэс өөр амьд биет боловч физиологи нь хоорондоо тун төстэй. Хүний адил модны биеийн ихэнх хувийг ус эзэлдэг. Хүний бие эд эрхтэн, булчин, тулгуур яснаас бүрдэх бол мод мөн ижил үүрэг гүйцэтгэх олон давхаргаас бүрдэнэ.

Зураг 1: модны гол биеийн бүтэц

ФЛОЕМ (phloem): Хүний цусны эргэлтийн тогтолцоо шаардлагатай хүчилтөрөгч, тэжээлийн бодисыг биеийн эд, эсэд зөөвөрлөдөг амин чухал эрхтэн. Мод үүний адил навч, шилмүүсээрээ боловсруулсан шимт бодисыг (сахароз, амины хүчил) бүхий л эд эсдээ зөөвөрлөн түгээж хэрэгтэй амин дэм, тэжээлээр хангах дотроо олон тооны суваг, судас бүхий флоем давхарга хэмээх өөрийн цусны эргэлтийн тогтолцоотой.

КАМБИУМ (cambium): Хүний өсөлтийн гормоныг ялгаруулдаг системтэй адил зөвхөн микроскопоор харж болох маш нимгэн камбиум хэмээх энэ давхарга дээрх флоем давхаргын дор байдаг. Энэ давхарга нь шинэ эд эсийг үүсгэн гадагш флоем, дотогш модлог ксилем давхраа буюу модны насны цагиргийг жил бүр нэмж модыг бүдүүрүүлж өсөлтийг нь дэмжинэ.

КСИЛЕМ (xylem): камбиум давхаргын дор байх модлог ксилем давхарга, насны цагираг нь модны үндэс хөрснөөс шимж сорсон ус, эрдсийг флоемийн адилаар өөрийн давхарга доторх олон тооны сувгаар дээш их бие, мөчир, навчинд зөөвөрлөн түгээнэ.

ЦӨМ: Хамгийн дотор байх цөм давхарга нь модны гол тулгуур яс.

ХОЛТОС: модны хамгийн гадна давхарга, арьс нь юм. Хүний арьстай адил холтос нь доторх давхаргуудаа гаднын гэмтлээс, өвчин халдвар авахаас, чийгээ гадагш алдахаас мөн халуун хүйтнээс хамгаална.

ХОЛТОСНЫ ГЭМТЭЛ

Мод хүнтэй харьцуулбал олон зуун жил урт насална, модны амьдралын энэ урт хугацаанд ургах, өвчлөх, үхэхийг нь бид удаашруулсан дүрc бичлэгтэй зүйрлэж болно. Энэ урт дүрс бичлэгийн зөвхөн богино хормыг л бид үзэж байгаа юм. Тиймээс бид тэр бүр модонд учруулж буй гэмтэл, үүнээс үүдэх сөрөг нөлөө, үр дагавраа ойлгож анзаардаггүй.

Зураг 2: модны эвэрлэг холтос

Хадаг ороож, мунаар нүдүүлж холцорсон модны аажим үхэл одоохондоо бидэнд гаднаа эрүүл юм шиг харагдаад байдаг нь ийм учиртай. Модныхоо насаар бол үхэл нь өнөө маргааш болсонтой ижил.

Модонд бидний учруулах хамгийн түгээмэл дээрх гэмтлүүд нь модны холтсыг эхэлж гэмтээнэ. Холтос гэмтэхэд хүний арьстай адил нөхөн төлжиж эдгэхгүй. Холтос дахиж ургадаггүй. Харин мод нь үхжилийг цаашид тархахаас хамгаалж гэмтсэн хэсгээ тойруулан эвэрлэг холтос (callus) үүсгэн тусгаарладаг, төсөөлбөл сорвитой төстэй юм. Энэ эвэрлэг холтсыг камбиум давхарга үүсгэдэг бөгөөд бага зэргийн холтосны гэмтэлд үр дүнтэй.

 

МУНААР ЦОХИХ

Зураг 3: холтос нь гэмтсэн хуш мод

Самар түүх зорилгоор мунаар цохисон модны холтос холцорч хамгийн түрүүн холтосны дор байх нүцгэрсэн флоем давхарга гаднын нөлөөнд өртдөг. Энэ ил гарсан шарханд шавж, бактери, мөөгөнцөр үржиж модыг өвчлүүлэх таатай орчин бүрдэнэ. Яг л шалбарсан хүний арьс үрэвсэж идээлэхтэй адил. Түүнчлэн чийгээ алдсан флоем давхарга хатангиршиж шим тэжээл зөөвөрлөн түгээх сувгууд нь хаагддаг, өөрөөр хэлбэл цусны эргэлтийн тогтолцоо нь доголдон яваандаа бүрэн хаагдаж шим тэжээлийн дутагдалд орсон мод аажмаар хатаж үхнэ. Иймээс холтос нь гэмтсэн хуш мод гаднаа эрүүл юм шиг харагдавч жил бүр боргоцой нь давжаарч, гарц нь багасч, мөчир нь хатаж, дотроо алгуур өвчлөн үхэж байдаг.

ХАДАГ ОРООЖ УЯХ

Мод ороосон хадаг нь чийг хадгалж доор нь шавж, бактери, мөөгөнцөр үржих таатай орчинг бүрдүүлж модыг өвчлүүлнэ.

Түүнчлэн температурын эрс тэс өөрчлөлт агаарын солилцоо байхгүй ороосон хадагны доор гадна орчноос илүүтэй болдог, үүнд хуримтлагдах чийг бас нөлөөлнө. Холтос нь маш сайн дулаан, хүйтэн тусгаарлагч, гэвч аажмаар чивчирч шигдэх хадаг холтсыг даран нягтруулж нимгэлснээр холтос сийрэг, халуун хүйтэн тусгаарлах чанараа алдана. Ингээд халуунд хэт халж, хүйтэнд нэвт хайрагдах флоем, ксилем давхаргын эд эс нь гэмтэж эхэлдэг.

Зураг 4: Хадаг ороож уясан мод

Өвлийн хүйтнийг давж гарах, хөлдөхөөс өөрийгөө хамгаалахын тулд мод намар навчаа хаяж, эд эсийн идэвхжил нь саарч унтаа байдалд шилжин, хавар хангалттай дулаарч цаг агаар тогтвортой болох үед эс нь сэргэн унтаа байдлаасаа гардаг. Гэтэл хаврын эхээр төөнөх нарны илчинд ороосон хадагны доорх дулаан тусгаарлах чанараа аажмаар алдаж буй холтосны доор хуримтлагдах дулаан модыг унтаа байдлаас хугацаанаас нь өмнө сэрээх боломжтой. Удалгүй цочир хүйтрэхэд холтосны доорх флоем, ксилэм давхаргуудын цагаасаа өмнө идэвхэжсэн эсийг хөлдөөж энэ цикл нь олон давтагдах нь эдгээр эсийг үхүүлнэ. Үүнийг нарны төөнөлт (sunscalding) гэх бөгөөд модны баруун урагш харсан талыг ихэвчлэн гэмтээнэ. Гэмтсэн хэсгийн холтос үхжин ховхорч унан өвчилж дотогш өгөршүүлдэг. Модны ёроолыг цагаанаар будах олон шалтгааны нэг нь нарны гэрлийг ойлгож хавар эрт нарны төөнөлтөнд хэт халахаас модыг хамгаалж байгаа юм. Зориулалтын сийрэг, сунадаг, цайвар өнгийн материалаар зөвхөн 11 сараас 4 сарын хооронд модыг түр ороож нарны төөнөлтөөс хамгаалах нь бий.

Түүнчлэн мод томорч бүдүүрэх тусам хадаг модны их бие, мөчирт улам шигдэн чивчирдэг. Хүний гар хөлийг боож цусны эргэлтийг нь зогсоохтой адил, яваандаа холтос, үүний доорх флоем, ксилем давхаргуудын шим тэжээл түгээх сувгуудыг нь боомилон тэжээлийн урсгалыг нь доголдуулан дутагдалд оруулж, мөн нимгэн камбиум давхарга няцарснаар өсөлтийг нь зогсоож модыг удаан, аажим үхэлд хүргэнэ. Дотроо өсөлт, тэжээл нь аажмаар боомилогдон зогсонги байдалд орж буй мод хэдэн жилдээ гаднаа зүгээр эрүүл юм шиг харагдана.

Хадаг ороох нь холтсыг модоо тойрон 100% бүрэн гэмтээх модны бүслүүр (tree girdling) хэлбэрийн хамгийн хүнд холтосны гэмтэлд хүргэх бөгөөд мод удаан амьдрахгүй.

ХОЛТОС НЬ ХАЛЦАРСАН МОДНЫ ШАРХЫГ ЯНЗЛАХ АРГАЧЛАЛ

Юуны түрүүн халцарсан холтос дахиж ургахгүй!
Модны холтосны гэмтлийг тодорхойлж зохих арга хэмжээ авахын өмнө гэмтлийн цар хүрээг нь ихэвчлэн модны гадуурх тойргийн дагуу шинжиж тодорхойлно:

Зураг 5: холтосны гэмтлийн цар хүрээ
  • Холтосны гэмтэл нь модны тойргийн 25%-иас бага тохиолдолд, хэрэв мод эрүүл бол амьдрах боломжтой ч ил шарх нь халдвар аван өвчлөх, тэжээлийн сувгууд нь доголдох үр дагавартай,
  • Холтосны гэмтэл нь 25-50% тохиолдолд модны цаашдын өсөлт нь илэрхий доголдож шарлаж хатсан навч, хатсан мөчир зэрэг гэмтлүүд илэрнэ. Модны эрүүл мэндэд ноцтой хор уршигтай. Гэмтлийг даруй эмчилж цаашид хянах шаардлагатай,
  • Холтосны гэмтэл нь 50%-иас дээш тохиолдолд модонд цаашид амьдрах боломж бараг үгүй.
  • Модны бүслүүр: Холтосны гэмтэл нь модоо тойроод 100% бүрэн гэмтсэн бол энэ нь хамгийн хүнд модны бүслүүр (tree girdling) холтосны гэмтэл бөгөөд ус эрдэс, шим тэжээл түгээх флоем, ксилем сувгуудаа бүрэн таслуулсан модонд цаашид амьдрах боломж үгүй. Модонд хадаг уях нь энэ гэмтлийг учруулна.

Оройтоогүй бол модыг холтосных нь гэмтлийн дээрх цар хүрээнээс шалтгаалж та доорх аргаар сэргээх боломжтой:

  • ХОЛТОСНЫ БАГА ГЭМТЭЛ: холтос зурагдаж халцарсан эсвэл хэмжээгээр алга дарам хэртэй бол зүгээр үлдээсэн нь дээр. Шилмүүст мод нь шавж, бактери болон механик холтосны гэмтлийг эвэрлэг холтос үүсгэхээс өмнө давирхай ялгаруулж хамгаалдаг. Давирхай нь шинэдээ шингэн урсах чанартай бөгөөд түргэн хатуурч шархыг битүүлдэг байна. Иймээс модонд өөрийгөө байгалийн аргаар эмчлэхэд нь бүү саад хий. Элдэв хамгаалалтын түрхлэг, будаг хэрэггүй.
  • УНАСАН ХОЛТОС ЭРГҮҮЛЭН ТОГТООХ: хэрэв унасан холтос нь удаагүй шинээрээ чийглэг байвал аль болох олон холтос хурдан цуглуулан байранд нь холтосны орой, ёроолын үзүүрийг нь зөв босоо чиглэлээр нь буцаан тавьж гадуур нь байгальд задрах агаарын урсгал чөлөөтэй нэвтрэх таар маягийн сийрэг нимгэн даавуун материалаар түр ороож тогтоох. Боолт нь дор хаяж 3 сар орчим холтсыг барьж ёстой.
Зураг 6: Холтос дугуйлан зүсэж цэвэрлэх
  • ХОЛТСЫГ ЗҮСЭЖ ЦЭВЭРЛЭХ: холтосны халцарсан шархыг тойрон үлдсэн холтосны арзгар үзүүр, ирмэг шим тэжээлийн урсгалыг нь доголдуулж, доор нь шавж бактери үржих орчин бүрдүүлэхээс гадна мод шархаа тойруулан эвэрлэг холтос (callus) үүсгэхэд саад болно. Иймээс шархыг дугуйлж зууван хэлбэрээр энэ арзгар ирмэг, үзүүрийг цүүц, алх хэрэглэн жигдхэн зүсэж авна. Зүсэхдээ аль болох ил гарсан флоем давхаргыг гэмтээхгүйгээр өнгөцхөн зүснэ.
  • АНХААР: Хөндийрсөн холтос үлдэх ёсгүй, шаардлагагүй бол хөндийрөөгүй холтсыг зүсэж шархыг томруулахаас зайлсхий, ялангуяа хөндлөн, модны тойргийн дагуу. Холтос нь хөндийрөөгүй, хурц үзүүр, өнцөггүй, жигдхэн дугуйлан зассан холтосны зах ирмэгээр эвэрлэг холтос хялбар үүснэ. Цэвэрлэсэн шархыг ил үлдээнэ, дээр нь элдэв хамгаалалтын түрхлэг, будаг хэрэггүй. Хэрэв шарх нь хуучин, холтосны захын зарим ирмэгээр эвэрлэг холтос үүсэж эхэлсэн байвал тэр хэсгийг хөндөлгүй орхиж үлдсэн хэсгийг нь дээрх аргаар цэвэрлэнэ.
  • ГҮҮРЭН ЗАЛГААС (bridge grafting): модны бүслүүр буюу тойргоо даган холтос нь 50-иас 100% (tree girdling) гэмтэж флоем, ксилем давхаргын сувгууд нь хатангиршиж шим тэжээлийн хангамж нь ихээр доголдсон эсвэл бүр тасалдах эрсдэлтэй үед нарийн мөчир ашиглан нэмэлт шинэ сувгууд үүсгэн шим тэжээлийнх нь урсгалыг нөхөн сэргээх арга юм. Төсөөлбөл хүний тасарсан судсыг холбон цусны эргэлтийг нь эргэн сэргээхтэй адил. Энэ аргыг хавар 5 сард хэрэглэх нь тохиромжтой. Гүүрэн залгаасыг голчлон мэргэжлийн хүмүүс хийдэг, буруу хийвэл модоо илүү гэмтээх сөрөг үр дагавартай.
Зураг 7: гүүрэн залгаас
  • Гэмтлийг эмчлэхдээ хамгийн түрүүн халцарсан хэсгээс сул холтсыг нь авч цэвэрлээд захалсан холтосны хөндийрсөн арзгар үзүүрүүдийг нь жигдлэн зүсэж авна,
  • Эрхий хурууны орчим диаметртэй хэдэн эрүүл нахиа мөчрийг шархны босоо уртаас 8 см орчим уртаар модноос огтлон авна,
  • Нахианы орой үзүүрийг тэмдэглээд хоёр үзүүрийг нь ташуу огтолно. Ташуу огтолсон хэсгийг модны эх биед хавтгайгаар наалдуулах бөгөөд энэ нь давхаргын холболт үүсгэж тэжээлийн урсгалыг сэргээх зорилготой,
  • Шалбарсан холтосны дээд мөн харалдаа доод хэсэгт 5 см орчим босоо хэрчлээс гарга, хэрэв холтос нь хатуу хөшүүн бол мөчрийн диаметрийн хэмжээтэй ухлаадас гаргаж болно.
  • Дээд холтосны босоо хэрчлээсийг хоёр тийш сөхөн нахианы оройг тэмдэглэсэн үзүүрийг оруулна, мөн аргаар нахианы ёроол үзүүрийг доорх холтосны харалдаа хэрчлээсийг сөхөн оруулна, ингэхдээ нахианы холтос модны холтосны дор бага зэрэг орсон байх ёстой. Харин хатуу хөшүүн холтостой модонд гаргасан дээд доод харалдаа ухлаадаст мөчрийн хоёр үзүүрийг оруулж зэвэрдэггүй жижиг хадаасаар бөхөлнө.
  • Модоо тойруулж босоо залгасан нахиа хоорондын зай 8-10 см орчим.
  • Гүүрэн залгаас буюу нахиа нь модны их биетэй амжилттай холбогдсон тохиолдолд флоем давхаргын тасарсан сувгуудыг орлож зогссон шим тэжээлийн урсгалыг нөхөн сэргээнэ.
  • Хэрэв холтос нь бүслүүр хэлбэрээр гэмтсэн 1-2 настай залуу зулзаган мод бол гэмтсэн холтосны доогуур тайрвал модыг аврах боломж илүү бөгөөд орлох нахиа шинээр гөлөглөн ургана.
  • Гүүрэн залгаас хийсний дараа залгаас хийсэн зүсэлт, ухлаадас, нахианы үзүүрийг Grafting wax (садовый вар) манайх цэцэрлэгийн тос гэх түрхлэгийг хэрэглэн битүүлэхийг зөвлөдөг. Энэ нь чийг алдахаас мөн шавж бактериас хамгаалах юм. Grafting wax-ийг гэрийн аргаар хийж болно. Орц нь: 4:2:1 харьцаатай давирхай, цагаан лав, малын гаралтай царцуу тос ордог. Бүгдийг нийлүүлэн дунд гал дээр хайлуулаад хүйтэн усанд хийж царцаана. Царцаасан түрхлэгээ баримлын шавар мэт базлан хайлуулж шархан дээр шавдаг. Grafting wax-ийг мөн навчит модны холтосны бага гэмтэлд хэрэглэх тохиромжтой.

Дээрх аргаар алгуур үхэж буй модыг оройтоогүй бол эмчилж болно. Магадгүй танаас хугацаа, зардал гарч болох боловч модны үр ашиг, модыг аварга том болтол ургуултал ямар их хугацаа, хөдөлмөр орохтой харьцуулшгүй юм.

АНХААР: Олон жилийн туршид нефтийн гаралтай түрхлэг, тосон будаг модны холтос ховхорсон хэсэгт шавж цуглах, өвчлөх, өмхрөхөөс нь хамгаалах зорилгоор хэрэглэсээр ирсэн, энэ практикийг сүүлийн үед халж байна. Энэ нь модыг байгалийн аргаар хамгаалах эвэрлэг холтос тухайн шархаа тусгаарлан үүсгэхэд хүндрэл учруулахаас гадна чийг хадгалан өвчин үүсгэх мөөгөнцрийг үржүүлж, хортой химийн бодис модны системд оруулж доголдуулах г.м. олон сөрөг үр дагавартай. Иймээс модны шарханд элдэв нефтийн гаралтай түрхлэг, будаг түрхэхээс зайлсхий.

Шагдарын Цогтбаатар

Жич: Уг нийтлэлд ашигласан зарим зураг олон хувиар сошиал сүлжээнд тархаж эх сурвалж нь тодорхойгүй болсон тул хүлцэл өчье. Таны зургийг зөвшөөрөлгүй ашигласан гэж үзвэл info@quercus.mn хаягаар майл илгээнэ үү.