Хүйтэн өглөө машинаа халаах хэрэгтэй юу?

Facebook Twitter

Өвлийн хүйтэн өглөө манайхан гадаа хонуулсан машинаа асааж 10-30 минут халаасны дараа (мөн нормальдах гэдэг) хөдөлгөөнд ордог. Машинаа өвөл сайтар халааж хөдөлгөөнд оруулах нь хөдөлгүүрийн элэгдлийг багасгаж, эдэлгээг нь уртасгадаг гэсэн энэ ойлголт манайд ч гэлтгүй хаа сайгүй түгээмэл.

Автомашины мэргэжилтнүүд зөвлөж буйгаар энэ нь төөрөгдөл бөгөөд, зөвхөн 1980-иад оноос өмнө хийгдсэн карбюратортай машинуудад л дээрх хамаатай юм байна. Харин, 1980 оноос хойш дийлэнх машинууд карбюраторын оронд цахилгаан форсунк (fuel injection) хэрэглэдэг болсноор хөдөлгүүрийг халаах шаардлагагүй болсон бөгөөд ийм машиныг удаан халаавал эсрэгээрээ хөдөлгүүрийнх нь элэгдлийг ихэсгэн, эдэлгээг багасгадаг байна.

Дотоод шаталтад хөдөлгүүрийн ажиллах үндсэн зарчим нь ууршуулж тоосруулсан түлш, агаарын холимгийг цилиндрт шатаан үүссэн өндөр температур, хийн тэлэлтээр поршенг хөдөлгөн хөдөлгүүрийг ажиллуулдаг. Карбюратор ба цахилгаан форсункийн үүрэг нь хөдөлгүүрийг энэ ууршуулан тоосруулсан түлш, агаарын холимгоор хангах үүрэгтэй. Хэдийгээр энэ хоёрын үүрэг нь ижил боловч ажиллах зарчим нь ондоо юм байна.

Карбюраторийг тухайн хөдөлгүүрийн хамгийн дээд үр бүтээмжид нь ажиллуулах түлш, агаарын зохих пропорц хэмжээтэй холимгийг хангахаар үйлдвэрээс нь тохируулсан байдаг. Гэхдээ карбюратор нь зөвхөн халсан үедээ л энэ тохирох пропорц хэмжээтэй түлш, агаарын холимгоор хөдөлгүүрийг хангадаг. Иймээс карбюраторийг хэвийн ажиллаж эхлэх хүртэл буюу карбюраторийг өөрийг нь халах хүртэл зохих хугацаанд хөдөлгүүрийг халаах шаардлагатай ба үгүй бол машиныг хөдөлгөхөд унтраад байдаг. Үүнийг манай хуучин жолооч нар сайн мэднэ.

Харин цахилгаан форсунк нь олон электрон датчик мэдрэгчийн тусламжтайгаар агаар, түлшний температурын өөрчлөлтөд тааруулан түлш, агаарын хэмжээний харьцаагаа тохируулдаг. Хүйтэн нөхцөлд түлш нь ууршин тоосжиж өгдөггүй тул цахилгаан форсунк нь холимогтоо түлшийг илүү нэмж өгдөг байна. Үүнийг манайхан “баян холимог” гэдэг ба энэ нь гол асуудал үүсгэдэг. Энэ ууршин тоосжоогүй түлш ихтэй баян холимгийн шатаагүй мөн дутуу шатсан түлш нь цилиндрийн хана, поршенгийн кольц дээрх хөдөлгүүрийн тосыг уусгаж цэвэрлэснээр (бензин нь тосыг маш сайн уусган шингээдэг) эдгээр эд ангиудын үрэлтийг ихэсгэж, элэгдэлд оруулан эдэлгээг нь багасгадаг байна.

Цахилгаан форсунк нь хөдөлгүүрийг ойролцоогоор +4.4°С халах хүртэл түлшээ энэ “баян холимог” горимоор шахсаар байдаг. Нормальдаж хөдөлгүүрийг +4.4°С хүртэл халаахад радиаторийг халахаас илүү хугацаа шаардагддаг бөгөөд энэ бүх нормальдах хугацаанд хөдөлгүүр тань бараг тосгүй ажилласаар байх юм.

АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ?

Хөдөлгүүрийг 30 сек орчим халаасны дараа машинаа хөдөлгөх, ингэснээр хөдөлгүүрийг хэвийн ажиллагаанд нь хурдан оруулна. Машиныг хөдөлгөх нь нормальдахаас хөдөлгүүрийг 2 дахин буюу түүнээс илүү хурдан хугацаанд халаадаг. Хөдөлгүүрийг хэвийн ажиллагаанд буюу зохих температурт нь хурдан оруулснаар эд ангийнх нь элэгдлийг багасгаж буй хэрэг юм. Харин хөдөлгүүрийг хэр удаан нормальдаж халаана тэр хэмжээгээр элэгдлийг нь дээрхээр ихэсгэдэг байна. Америкийн Эрчим Хүчний Яам, Байгаль Орчин Хамгаалах Агентлаг болон авто мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар машиныг хүйтэн нөхцөлд 30 секунд орчим халаахад л хангалттай гэж үздэг юм байна. Америкийн зарим хотуудад, жишээ нь Минесотад машиныг 3 минутаас илүү удаан халаавал торгодог байна.

Машинаа хөдөлгөсний дараах эхний 5-15 минутад хөдөлгүүрт хэт ачаалал, огцом хааз өгөлгүйгээр зугуухан явуулж хөдөлгүүрээ халаана. Гадаа хонуулсан машины дугуй бас хөлдсөн байдаг тул машинаа халаасан, халаагаагүй дээрх хугацаанд машинаа аясаар нь явуулж дугуйгаа мөн халааж халтиргаа, шарвалтаас сэргийлэх хэрэгтэй гэдгийг санаарай.

ЭРҮҮЛ МЭНД / АГААРЫН БОХИРДОЛ

Хүйтэнд дөнгөж асаасан машины араар явахад утаа, угаарын үнэр нь хамар цоргим байдгийг та мэднэ. Учир нь машин болгон хорт утааны ялгаралтыг 90% орчим бууруулах үүрэгтэй катализатортай бөгөөд энэ нь яндан дээр суурилсан байдаг. Гэхдээ катализатор нь зөвхөн +250°С аас дээш температураас ажиллаж эхэлдэг тул халаагүй катализатор нь машиныг халаах явцад утааг шууд шүүлгүйгээр гаргаж байдаг байна. Иймээс аль болох хурдан машиныг халаана тэр хэмжээгээр утаа нь багасгана.

Машиныг 10 минут халаахад ойролцоогоор 0.45 кг СО2 ялгаруулдаг. Нийслэлд өдөрт 300 гаруй мянган машин хөдөлгөөнд ордог, үүний талаас илүү хувь нь машинаа гадаа хонуулдаг гэвэл нэг их хол зөрөхгүй болов уу. Хэрэв гадаа хонуулсан зөвхөн 10,000 машины хөдөлгүүрийн халаах хугацааг өглөө, оройдоо тус бүр 10 минутаар богиносговол өдөртөө 9.0 тонн СО2 – ын ялгарлыг багасгахаас гадна РМ тоосонцор, NOx, SOx, THC гэх мэтийн бусад хорт бодисуудын ялгаралтыг давхар багасгана. Түүнчлэн хайнгаасаа болж битүү орчин буюу гараж, дулаан хучлага дор машинаа халаан угаартах эрсдэлийг ч бууруулна.

ҮРГҮЙ ЗАРДАЛ

Хүйтний улиралд машинаа удаан халаасны хэмжээгээр түлшний илүү зардал гардаг. Машиныг 10 мин халаахад ойролцоогоор 8-10 км явах түлш зарцуулна. Канадад хийсэн туршилтаар 3 ижил машиныг -18°С ийн хүйтэнд 0, 5, 10 минутын хугацаагаар урьдчилан халааж ижил зайд явуулан түлшний зарцуулалтыг нь тооцсон байна. Ингэснээр 0 мин халаасан машинтай харьцуулахад 5 мин халаасан машин 7-14%, 10 мин халаасан нь 12-19% тус тус түлшний илүү зарцуулалттай гарсан байна.

ХӨДӨЛГҮҮРИЙН ЭЛЭГДЭЛ

Дээр дурдсанаар хөдөлгүүрийг удаан халаан “баян холимог” горимоор ажиллуулаад байх нь хөдөлгүүрийн эд ангиудын үрэлтийг ихэсгэж, элэгдэлд оруулан эдэлгээг нь багасгадаг. Учир нь энэ ууршин тоосжоогүй түлш ихтэй баян холимгийн шатаагүй мөн дутуу шатсан түлш нь цилиндрийн хана, поршенгийн кольц дээрх хөдөлгүүрийн тосыг уусган цэвэрлэснээр хөдөлгүүрийг бараг тосгүй ажиллуулдаг. Зарим жолооч, механикч нар хөдөлгүүртэй зууралдсаны дараа бензинээр гартаа наалдсан моторын тосыг угааж арилгадаг, яг л энэ процесс халаах явцад хөдөлгүүрт яваад байгаа юм.

Жич:

  • Жолооч нар хүлээх зуураа аль ч улиралд машинаа нормальдан зогсоох нь элбэг, энэ нь машинаа дулаан байлгах мөн унтрааж дахин асаавал их түлш зарцуулдаг гэсэн ойлголттой холбоотой. Үнэндээ 10 секундээс илүү нормальдах нь хөдөлгүүрээ дахин асааснаас илүү түлш зарцуулж, СО2 ялгаруулдаг байна.
  • Сүүлийн хэдэн жилд машины хөдөлгүүр халаагч төхөөрөмжүүд зах зээлд гарч ирсэн. Уг төхөөрөмжүүдийг хэрэглэснээр та бас өөрийн машины хөдөлгүүрийн элэгдэл, агаарын бохирдлын эрсдэлийг мөн шийдэж болно.
  • Түүнчлэн өвлийн улиралд минерал ердийн тосны оронд сайн чанарын синтетик өвлийн моторын тос хэрэглэвэл хүйтэнд хөлдөж царцахгүй бөгөөд тосны насос, хөдөлгүүрийн эд ангиар чөлөөтэй гүйдэг тул өвлийн тослогоонд хамгийн их тохиромжтой.