Нутгийн GPS

Facebook Twitter

НУТГИЙН GPS

  • Байна уу, би очиж явна..
  • Өө байна, хаа явна одоо?
  • Яг одоо хурдны зам дээр нөгөө KFC дөнгөж өнгөрөөд явж байна, одоо яах билээ?
  • Тэгвэл нөгөө хоёр 2 шилэн өндөр өнгөрөөд 3 дахь гэрлэн дохиогоор зүүн эргээрэй. Хоёр автобусны буудал орчим яваад ертөнцийн зүгээр уулзварын зүүн урд талд нь бензин клонк харагдана, тэр уулзвараар баруун эргээд дараагийн уулзвараар ахиад баруун эргэ..
  • Дарааныхаар нь ахиад баруун гэсэн үү?
  • Тиийнн.. тэгээд замын 2 хурд сааруулагчаар гарахаар зүүн талд чинь том ногоон хогийн сав байгаа.. өнгөрөөд эхний 3 давхар шар байшингийн голын орц, хоёр давхарт өөдөөс чинь харсан хаалга…
  • За…

Зам заалгасан нөхөр дурдсан уулзвар, гэрлэн дохио, объект болгоныг өлийн ангуучилж, хойно урдаасаа дуут дохио хангинуулан хөдөлгөөн саатуулсаар яаж ийж олж очин өгсөх шатаа тоолсоор удалгүй хаалгыг нь зөөлөн тогшоод зогсож байх. Нэг талаар уламжлалт нүүдэлчний газрын онцлог төрх байдлаар нүдлэн баримжаалж сурсан ажигч гярхай, сийрэг толгой гэмээр, нөгөө талаар хэддүгээр зуунд бид амьдраад байгаа юм…

Энэ бидний хот хөдөөгүй өөр хоорондоо замчилдаг нийтлэг дүр төрх. Юу ч гэмээр юм, манай ойлгомжгүй хаягжилт орчноо хаа сайгүй мал мэт зүсэлж баримжаалахыг нутагшуулсан гэлтэй. Харин хот сууринд хэр зохилтой., яг ижил хаягаар гаднын уугуул нөхөр зам заавал:

  • 29-р хурдны замаар 3км орчим яваад Pickett road-аар зүүн эргэ, 2км орчим яваад Newbridge drive-аар баруун, дараа нь ахиад баруун эргээд Greenville way 35-ийн 5 тоот
  • Оок..

Ийм хялбар.. гудамжаар хаяглахын нэг давуу тал. Эсвэл “35 Greenville way” гудамжийг GPS, google map-аар оруулахад л тэнд яаж очихыг дурайтал гаргаад ирнэ.

Харин бидний хэвшсэн “ХОРОО”-гоор овоглосон хаягжилт хаягийн нарийвчилсан байрлалыг илэрхийлэхгүй. Уг нь нэг дүүргийн, хил хязгаар нь хаагуур ч юм байдаг нэгэн хорооны хаа нэгтээ нуугдмал нэгэн байрны байршлыг заагаад байгаа хэрэг шүү дээ. Гэтэл тэр нуугдмал байрны дугаар тэмдэглэгээ нь гаднаа байхгүй.. хаа нэг байлаа гэхэд нөгөө байр шигээ нуугдмал 8, 9 гэж явж байснаа гэнэт 32, 107, 108 гээд тэс далийгаад өгөх жишээтэй.

Энэхүү урт, нууцлаг хаягийн кодчиллыг зөвхөн хороо багын ажилтан нь, цөөн оршин суугчид нь л тайлж уншина. GPS байршил тогтоогч, компьютер, ухаалаг утасны ямар ч апп нөгөө урт сунжирсан хаягийн нууцлаг кодыг нь тайлж уншихгүй, уншлаа ч будилна, ядаж цахим Монгол гээд заралцан, бараг л манай хар хайрцгийн бас нэг бодлого энэ айхтар нууцлаг хаягжилтад байдаг болов уу гэмээр.

Ингээд иргэд, хувийн хэвшил тэр байтугай төрийн байгууллагын хаяг нь хүртэл “МУИС-ийн урд”, “Хөгжим бүжгийн ард”, “Хаан даатгалтай байр” зэрэг бөх, морины цол мэт гуншинтай, өөр сонголтгүй..

    • СХД-ийн Нийгмийн Даатгалын Хэлтэс
  • СХДүүрэг, 19-р хороо, 62 дугаар сургуулийн баруун урд
    • УБЦТС ТӨХК, төв оффис
  • ХУД, 3-р хороо /Хуучнаар цагаан хаалганаас баруун тийш 150 м/
    • Говь Кашмир, Галлериа Улаанбаатар
  • Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны зүүн талд, Улаанбаатар, Монгол
    • PC Mall дэлгүүр
  • БГД, 19-р хороо, 4-р хороолол, Өргөө кино театрын зүүн урд
    • Шуудангын 48-р Салбар
  • Натур худалдааны төв, 79-р байр, 2-р давхарт, Баянзүрх дүүрэг, 25-р хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
  • Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Барилгачдын талбай, Засгийн газрын 12-р байр
    • Техникийн хяналтын үзлэгийн төв, БГД
  • 20-р хороонд байрлах (Цамбагарав төвийн чанх урд) Мастер плаза төв
    • Иргэний хаяг (зохиомол)
  • БГД, 3-р хороолол, 18-р хороо, 50-р байр, 2-р орц, 38 тоот

Анзаарвал, албан ёсны цахим хуудаснаас нь авсан дээрх урт сунжирсан хаягт ямар ч стандарт, дараалал, зип код байхгүй, эмх замбараагүй гол нь байршлыг нарийвчлан тогтоох гудамжны нэр, байр объектын дугаарын аль нэг эсвэл хоёулаа дутагдаж байх жишээтэй.

Яагаад албан хаягаа хэрэглэхгүй байна гэвэл ердөө л практик хэрэглээгүй. Хаягаар гэхээсээ яаж очихыг заалгана. Ийм болохоор “энүүхэн тэр бор толгодыг даваад, жалгаа дагаад саахалт хэртэй өгсөөд явбал удахгүй очно..” хэмээн баримжаалсан “НУТГИЙН GPS”-ээр хот сууринд хаягаа албажуулж, танилдаа, үйлчлүүлэгчдээ, илгээмж, хүргэлтийн үйлчилгээнд, тэр байтугай 101, 102, 103 зэрэг тусгай дугаарын дуудлагын онцгой, шуурхай албадад замчлах нь илүү оновчтой.

Энэ нь ялангуяа минут, секундээр хэмжигдэх эдгээр онцгой, шуурхай албаны үйлчилгээнд их саатал, чирэгдэл учруулдаг. Үүний дээр хороогоор овоглосон хаягжилтын мэдээллийн буруу зөв эсэхийг шалгах маш хүндрэлтэй, байрлалыг нарийвчлан лавлах шаардлагатай, хаяг давхардах эрсдэлтэй, гол нь хаягийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх боломжгүй.

Саяхан болтол Коста Рика улсад манайх шиг олны танил объектоор хаягаа холбон албажуулах нь нийтлэг байж. Жишээ нь “хуучин сүмийн зүүн урд 50м зайтай, ногоон өнгөтэй 3 давхар байшин”.., их танил Нутгийн GPS. Уг шууд бус хаягжилт нь төрийн үйлчилгээ, онцгой шуурхай алба, тээвэр ложистикийн системийг нь доголдуулж, ялангуяа аялал жуулчлалын салбарт нь олон жил сөргөөр нөлөөлж иржээ.

Корреос үндэсний шуудангийн газрын хийсэн судалгаагаар тус газрын мэдээллийн санд бүртгэлтэй нийт үйлчлүүлэгчдийн 40% нь хаяг буруу байсан бол Сан Хосе хотынх нь томоохон дүүрэгт нийт шуудан, илгээмжийн дөнгөж 20% нь хаягласан эздэдээ хүрдэг шалтгаан нь ердөө л шуудан зөөгч нь хаягаар гэхээсээ нөгөө хүмүүсээ таньж мэддэгт байж.

2010 онд хийсэн судалгаагаар зөвхөн дээрх салбар дахь төсвийн алдагдал нь жил бүр 720 сая ам.доллар давдаг байсан бол Засгийн газраас нь гудамжинд нэршлийн тэмдэглэгээ тавьж, үл хөдлөхөө дугаарлан, зип код түлхүү нэвтрүүлж хаягжилтын шинэчлэл хийж эхэлснээр уг алдагдлаа эрс багасгажээ.

Үүний адил эмх замбараагүй хаягжилтын улмаас Энэтхэг жил бүр 10-14 тэрбум ам. доллар буюу ДНБ-ий 0.5%-тай тэнцэх хэмжээний төсвийн алдагдалд ордог аж.

Өнөөдөр дэлхий нийтээр хэрэглэж буй гудамжны хаягжилт нь өөр өөр түвшний байршлын мэдээлэл агуулах нийтлэг “муж/дүүрэг”, “хот”, “зип код”-оос, гадна хамгийн гол нь “ГУДАМЖ”-ны НЭРШИЛ + “БАЙР”-ны ДУГААР-тай нь хавсран хаягжилтын нарийвчилсан хялбар байршил тогтоогч болдог. Тухайлбал:

    • Embassy of Mongolia in the UK
  • 8 Kensington Court, London, W8 5DL
    • Embassy of Mongolia in Tokyo
  • 21-4 Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 〒150-0047
    • Gobi Cashmere – Berlin
  • Knesebeckstraße 30, Berlin, 10623
    • John Smith (зохиомол)
  • 23 Pineapple Drive, apt.5, Bronx, New York 10457
Зураг 1: Гудамжны нэршлийн тэмдэг тэмдэглэгээ

9,6 сая хүн амьдардаг Лондон, бүр 37 сая хүн амьдардаг Токио хотын хаяг гэхэд арай л хялбар уу? Дэлхийн ихэнх том, жижиг хотууд мөн ийм хаягжилтын стандарт/формат хэрэглэдэг. Эдгээр хотод гудамжны нэршил нь уулзвар болгон дээр, байр болгон нь гаднаа ил тод харагдах дугаартай дээр нь GPS, google map, ухаалаг утасны байршил тогтоогч бүхий л апп ийм хаягжилтын форматыг уншихаар кодчилогдсон байдаг тул явган, дугуйтай, тээврийн хэрэгслээр яаж очихыг нь бүр км/метрээр, цаг/минуттай нь дурайтал гаргаад ирнэ.

Яагаад дэлхий нийтээр, ялангуяа энэ энгийн, хялбар гудамжны хаягжилтад бүр Европт сэргэн мандалтын үеэс онцгой ач холбогдол өгч хэрэгжүүлээд эхэлсэн хэрэг вэ?

Учир нь иргэд, хувийн хэвшил, төрийн байгууллага хоорондын бүхий л харилцаа, үйлчилгээ нь хаягжилтын дэд бүтэц дээр суурилдаг, хаягжилт нь эдгээр субъект хоорондын харилцаа, үйлчилгээг илүү оновчтой, үр бүтээмжтэй болгодогт юм.

Зураг 2: Бизнес үйлчилгээний газрын гаднах дугаарлалт

Гэтэл манайд гудамж, гудмын нэршлийн тэмдэглэгээ нь гэр хороолол, хотын төвийн цөөн хэдэн уулзвараар хязгаарлагдаж, байрны дугаар нь хэдхэн байгууллага, хотхоны байрны гадна оромдох төдий байх бөгөөд эдгээр хэсэгчилсэн хаягжилт нь хоорондоо ерөөс холбоогүй, ихэвчлэн хороогоор овоглосон хаягжилт давамгайлсан, өөрөөр хэлбэл хаягжилтын нэгдсэн сүлжээ буюу хаягжилтын дэд бүтэц ерөөс хөгжөөгүй.

Ингээд нэг бол хороогоор, нэг бол гудамжаар оромдон овоглосон холимог, хаягийн нэгдсэн сүлжээгүй, стандартгүй, албан ёсны бус учир улсын хэмжээнд хаягийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, нэг баталгаатай эх үүсвэрээс лавлагаа гаргах ямар ч боломжгүй.

Бид яагаад гудамжны хаягжилтад ач холбогдол өгөхгүй, хэрэгжүүлэлтэд нь ийм хойрго байна? Бидний хороогоор овоглосон хаягжилт нь дөжирсөн, тэр болгон уялдуулж сөхдөггүй улс төр, нийгэм, эдийн засгийн хамгийн нэн тулгамдсан бүхий л асуудлын эх суурь нь болоод байгааг анзаарахгүй байна уу, эсвэл бүр дор, албаар үл ойшоогоод байна уу?

ЗАМЫН ХУЛГАЙ, ТҮГЖРЭЛ

Өнөөгийн ойлгомжгүй хороогоор овоглосон хаягжилт газрын хулгайд яг тохирсон, тийм болохоор хаягжилтын системийн өөрчлөлт нь зориуд хойрго удаашралтай, хот төлөвлөлттэй уялдаагүй яваад байгаа нь үе үеийн засаглал, холбогдох албадад нь үүрлэж ирсэн газрын хулгайтай нь холбоотой мэт.

Учир нь хаяггүй, бүртгэлгүй эсвэл нэршилтэй ч тэмдэг тэмдэглэгээгүй, гол нь хаягжилтын хэрэглээгүй зам, гудамж, талбайг таслан мухарлаж, хог шарилждаа баригдсан хоосон хашаа, хана хэрмээр хүрээлсэн хотхон болгох эсвэл захаас нь хугаслан хулгайлж хашаа, байшингаа дээр нь барих бол асуудалгүй, гол нь хойноосоо нэхүүлгүй, барьцгүй буюу.

Ингэж хотын артери болсон гол замуудын зохих ачааллыг үүрч байх хялгасан туслах замууд мухарлагдах нь өнөөдөр замын түгжрэл зогсонги болсон суурь шалтгаануудын нэгээс гадна зам нь хяналтгүй, дархлаагүйн илрэл. Үр дүнд нь хүн, машин зөрөх зайгүй явган хүн, ногоон байгууламжийн зурвасгүй дундаа ганц мухар замтай, яг л лего, тетрис шиг зай завсаргүй чигжсэн цементэн ширэнгэн хотхонууд нийслэлийн өнөөгийн нийтлэг дүр төрх.

Төлөвлөлтгүй гэр хорооллын суурьшлын бүсэд бол бүр дор. Үүний дээр замын нэршил, үүнтэй уялдуулсан байр, объектын дугаарлалт, гудамж уулзварын нэршлийн тэмдэг, тэмдэглэгээ оргүй гэж болно.

Зүй нь гудамж, зам, талбайгаа дэд бүтцийн хамт нэн түрүүн хот төлөвлөлтөд газар зохион байгуулалттай тусгахын хажуугаар гудамж, талбай болгонд нэг бүрчлэн нэршил оноож, холбогдох нэршлийн тэмдгийг уулзвар болгонд байрлуулан, гудамж дагуух төлөвлөгдсөн, баригдсан бүхий л үл хөдлөхийг тодорхой дарааллын системтэй, ил тод харагдахаар дугаарлах.

Ингэж зам, гудамж, талбайг хаягжилтын давхар хэрэглээтэй болгон албажуулснаар олон нийтэд ил тод, гол нь хяналттай болж замын стандартын мөрдөлт чангарч, хулгайг хязгаарлана. Хэн дуртай нь замыг, хэрэглээний хаягтай нь хамт хулгайлаад авч чадахгүй л байхгүй юу., үлгэрлэвэл, гудамжны хаягжилт нь зам, гудамж, талбайн үл хөдлөхийн гэрчилгээ юм.

ЗАСАГЛАЛ, ЦАРЦААНЫ НҮҮДЭЛ

Хаягжилтыг иргэний үнэмлэх дээрх нэр төдий хаягаар хайрцаглан ойлгож болохгүй, үүний цаана нийгэм, эдийн засгийн олон чухал суурь асуудлууд хөндөгдөж байдаг.

Иргэний хувьд хаягжилт нь хувь хүний хувийн үнэлэмж, байр суурийг баталгаажуулж, үүгээрээ тухайн нийгмийн нэгэн бүрдэл эд эс гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж эрх, үүргээ ухамсарлах, нийгмийн амьдралын хүрээнд идэвхтэй оролцох боломжийг нээнэ.

Бразилд 1988-96 оны хооронд ядуусын хороололд бохир ус цэвэрлэх байгууламжийн төслийг анх хэрэгжүүлэхдээ оновчтой шийдлийг сонгохын тулд иргэдтэйгээ харилцан зөвшилцсөн нь олон нийтийн итгэлгүй, эсрэг хэвшмэл ойлголтыг эргүүлж, шуудангийн албан хаягийг нэвтрүүлснээр иргэд өөрсдийгөө нийгмийн нэг эд эс гэсэн ойлголт сууж, хувь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлсэн хоёрдогч нөлөө давхар үзүүлсэн байдаг.

Харин иргэдээ бүртгэлцүүлэх, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, сонгуулийн оролцоог өргөжүүлэх, хувийн хэвшлээ дэмжих, цахим засаглалыг хэрэгжүүлэх нь сайн засаглалын онцлог бөгөөд энэ бүхэн нөгөө л хаягжилтын дэд бүтэц дээр суурилна.

1990 оноос хойш хот төлөвлөлт нь газар зохион байгуулалттайгаа уялдаагүйгээс инженерийн дэд бүтэц, авто замын төлөвлөлтгүй замбараагүй газар олгож, суурьшлын бүсийн төлөвлөлт хийгээгүй газар иргэд, аж ахуйн нэгж олноор зөвшөөрөлгүй суурьшиж ирсэн. Энэ бүсэд хамгийн дутагдалтай зүйл нь зам, хаягжилт хоёр.

Замгүй, хаяггүй учир түргэн тусламж, гал, цагдаа зэрэг онцгой алба очих аргагүй, хаяггүй учир иргэд хууль ёсны оршин суугчаар бүртгүүлэх боломжгүй. Иймээс ажил эрхлэх, боловсрол эзэмших, банк санхүү, бусад үйлчилгээ авах зэрэг ардчиллаар олгогдсон иргэний эрх нь хязгаарлагдана. Дээр нь хаяггүй, бүртгэлгүй бизнес эрхлэгчид албан бусаар үйл ажиллагаа явуулах нь банк санхүүгийн дэмжлэг авах боломжгүй, татварын систем үйлчлэх орчингүй болдог. Ажилгүйдэл газар авсан, төрийн үйлчилгээ хяналтгүй энэ орчин нь гэмт хэрэг, хүчирхийлэл, бүр зохион байгуулалттай гэмт бүлэглэл үүрлэх таатай орчин.

Товч, тодорхой, оновчтой хаягжилт нь хот суурин газрын дээрх төрийн хяналт, үйлчилгээний гадна үлдэж тусгаарлагдсан бүсийн зураглалыг гаргахад туслаад зогсохгүй хаягийн практик хэрэглээний шаардлага гудамж, зам, талбайг хот төлөвлөлтөд газар зохион байгуулалттай нь уялдуулж энэхүү замбараагүй өсөлт тэлэлтийг хязгаарлаж, тусгаарлан гадуурхалтын эсрэг динамик төлөвлөгөөг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн бүхий л үйлчилгээг өргөжүүлж шуурхай болгох боломжийг олгохоос гадна татварын таатай орчныг бүрдүүлдэг байна.

Ойлгомжгүй хаягжилтыг улам будилаантуулдаг бас нэг асуудал нь жил болгон иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай болгох нэрийдлээр дүүргүүдэд дахин хуваарилалт хийж, хороодын тоог нэмэх юм. Зөвхөн 2021 онд гэхэд л нийслэлийн дүүргүүдэд нийт 36 хороог хуваан 33 хороог шинээр нэмж байгуулжээ. Хороодын дугаар өөрчлөгдсөнөөр гудамжаар бус хороогоор овоглодог тухайн хороодын бүх хаягт өөрчлөлт орно. Гэтэл тухайн хороодын иргэд, хувийн хэвшлүүд асуудлыг сөхөж тавихгүй байгаа нь Нутгийн GPS ноёлсон өнөөгийн нэр төдий хаягжилтад бид ерөөс ач холбогдол өгдөггүй хавтгайрсныг илтгэнэ.

Манай хаягжилтын нэг ноцтой асуудал бол сонгууль. Уг нь товч, тодорхой, нэг стандарттай хаягжилт нь хувь хүмүүст санал өгөхөөр бүртгүүлэх, харин засаглалд тухайн тойргийн зураглал, сонгогч, сонгогчдын тоо зэргийг нарийвчлан гаргах, зохистой бодлого боловсруулах, хамгийн гол нь “ИЛ ТОД” байдлыг дэмждэг. Гэтэл эсрэгээрээ сонгуулийн нэг будилаан нь бидний нөгөө ойлгомжгүй, замбараагүй хаягжилт.

Гол сөрөг үр дагавар нь хаягийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, үүнээс үүдэн орон даяар хаягийн лавлагааг нэг баталгаат эх үүсвэрээс гаргах боломжгүй тул сонгогчдын нэрийн жагсаалтыг үнэн зөв гаргахад асуудалтай.

Улс төрчид сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор энэхүү замбараагүй хаягжилт, иргэдийн бүртгэлийн асуудал дээр дөрөөлөн царцааны нүүдлийг зохион байгуулж давхардуулсан хаягтай олон сонгогч бүртгүүлдэг хууль зөрчсөн, маш ноцтой асуудал хойноосоо дагуулдаг. Нөгөө талаар хаяггүй иргэдийн санал гээгдэх, эсвэл хуучин хаягаараа санал өгснөөр нэг хаяг дээр давхар бүртгэл хийгдэх маргаан дөжирсөн.

Гол шийдэл нь Засгийн газар, Их Хуралд тодорхой байсаар ирсэн, энэ нь салангид байгаа бүхий л дата платформыг нэгтгэн “Хаягийн нэгдсэн систем, стандарт”-ыг үүсгэх. Үүнийг хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор 2008 оноос хойш ЗГ, ИХ-аас олон арван тогтоол, хөгжлийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрүүд зарлагдсан боловч одоо болтол хэрэгжилтийг алгуурласаар., учир юунд байна?

Хаягжилтын хэрэгжилт:

Эмх замбараагүй, нэгдсэн стандартгүй, давхарддаг зэрэг хаягжилтын асуудал хороо, багийн Засаг дарга, газрын алба, барилгын асуудал эрхэлсэн газар г.м. маш олон субъект хаяг олгодгоос үүдэлтэй. Үүнийг цэгцлэхээр ИТХ-аар эдгээр хаягийг баталгаажуулдаг болжээ.

Өнөөдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт (ГЗБГЗЗГ) хаягийн зураглал, үүн дээр үндэслэн өнөө шаардлагатай шинэ хаягийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэж байгаа нь сайшаалтай. Хэдийгээр шинэ хаягийн мэдээллийн нэгдсэн сан, зураглал нь урагштай яваа боловч уг ажлыг гацааж буй, мөн даруй шийдвэрлэх олон асуудлууд давхардсаар байна, үүнд:

  • Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон хэсэгтээ хаяг өгдөг тул дээрх хоёр байгууллагын хаягийн мэдээллийн сан зөрүүтэй, түүнчлэн
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаягийн мэдээллийн сан мөн зөрүүтэй. Энэ нь та бидний үл хөдлөхийн хаяг бөгөөд эдгээр хуучин хаягийг ГЗБГЗЗГ-т хийгдэж буй шинэ хаягтай тулган шинэчилж дээрх мэдээллийн санг нэгтгэх шаардлагатай,
  • ГЗБГЗЗГ нь өөрийн хаягийн мэдээллийн санд бүртгэлтэй хуучин хаягаа мөн давхар шинэчлэх шаардлагатай,
  • Суурьшлын бүсийн бүхий л гудамж, гудмын орц, гарцыг (эхлэл, төгсгөл) газар дээр нь тодруулалт хийж замчлалыг тодорхойлох. Үүний дагуу тухайн бүсэд шинээр зам хийгдсэн эсэх, зам нь мухарлагдсан эсвэл хулгайлагдсан эсэх, тухайн зам нь нэршилтэй эсэхийг тодорхойлох шаардлагатай.

Дээрхээс төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, ажил үүргийн хуваарилалт, зохион байгуулалт, зохистой бодлогын алдаа нь илэрхий харагдана.

Харин замчлалыг тодорхойлон, шинэ хаягжилтыг хэрэгжүүлэх явцад мухарлагдсан, хулгайлагдсан зам гудамжийг чөлөөлөх, гудамжны уулзвар болгонд нэршлийн тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, бүх үл хөдлөх объектод гудамжны хамааралтай системтэй дугаарлалт хийх шаардлага үүснэ. Энэ маш чухал, зөвхөн суурьшлын бүс гэлтгүй нэн ялангуяа орон нутагт олон замбараагүй салаа замаас гол замыг нь тодорхойлон, орон даяар замчлал үүсгэн нэршил оноож, замаа цэгцэлж авах шаардлагатай. Хаягжилтыг хэрэглээнд нэвтрүүлэхийн бас нэг том давуу тал энэ.

Дугаарлалтын хувьд гудамжны дагуух үл хөдлөхийг гудамжны эхлэлээс баруун талыг тэгш, зүүн талыг сондгой тоогоор дэс дараалан дугаарлах буюу Европ дугаарлалтын схем ашиглаж буй.

Хэрэв улсын хэмжээнд хаягийн мэдээллийн нэгдсэн нэг системтэй болбол нийт газар, үл хөдлөх хөрөнгөд нэгдсэн арга зүй, стандартаар хаяг олгож, олон нийт нэг баталгаат эх үүсвэрээс хаягийн мэдээллээр үйлчлүүлэх мөн замчлах систем хэрэглээнд давхар нэвтрэх нь үнэн, зөв зам, маршрутын мэдээллээр хэрэглэгчийг хангах боломжтой болох юм.

Эрх зүйн орчин:

Хаягжилтын бичвэр, тэмдэг тэмдэглэгээ нь өнөөдөр MNS 5283:2022 “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага” буюу стандартаар зохицуулагдаж байна.

Харин гудамж, талбайд нэршил оноох, өөрчлөх, үл хөдлөх объектын дугаарлалт, хаягийн иж бүрдэл, хаягжуулах аргачлал нь ЗГ-ын 2019 оны 325-р тогтоол “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-аар зохицуулагдах бөгөөд 2013 оны “Хаягжуулалтын тухай хууль”-ийн баримтлах зарчмын дагуу журамлагдсан.

Дээрх журам, стандартын хэрэгжилт хэр байгааг өнөөгийн ойлгомжгүй, замбараагүй хаягжилтаар та бид бэлхнээ харж байгаа. Иймээс илүү дэлгэрэнгүй, нэмэлт өөрчлөлт оруулсан шинэ хаягжуулалтын тухай хуулийн төсөл одоо яригдаж байгаа аж. Үүнийг даган нөгөө хаягжуулах журмыг бас өөрчлөх шаардлага гарна.

Уг нь 2008 оноос хойш эмх замбараагүй хаягжилтыг цэгцлэх асуудал яригдаж ЗГ, ИХ-ийн олон арван тогтоол, хөгжлийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрүүд зарлагдсан боловч сунжирсаар нэгэнт 15 жил өнгөрчээ. Одоо ч ялгаагүй, хэзээ хаягжилтын хууль эрх зүйл орчноо бүрдүүлж, дээрх олон зөрүүтэй хаягийн мэдээллийн сангуудаа нэгтгэн цэгцэлж, гудамж, зам талбай, байр, объектод нэршил, дугаарын тэмдэг тэмдэглэгээ тавьж дуусгах нь тодорхой бус.

Хэдийгээр энгийн мэт боловч нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт асар их үр нөлөөтэй энэхүү том суурь хөшүүргийг доголдуулж, хойшлуулаад байх нь ямар сөрөг нөлөөтэйг цөөн хэдэн салбараар харья.

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИ (МХХТ)

Улсын бүртгэлийн байгууллага, нэг цэгийн үйлчилгээнд зөвхөн 2022 онд иргэний үнэмлэх, гадаад паспорт, хуулийн этгээдийн өөрчлөлт, эд хөрөнгийн эрхийн бүртгэлээр нийт 1.2 сая иргэн хандсан байдаг. Эдгээр үйлчилгээг иргэдэд улам ойр, шуурхай болгох гүүр нь найдвартай хаягжилтын дэд бүтэц дээр суурилсан Мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ) нэвтрүүлэх буюу цахим системд бүрэн шилжих. Хэрэгжүүлэх нь төрийн бүх шатны авлига, хүнд суртлыг халж, та бидний цаг, зардлыг хэмнэж, замын хөдөлгөөний ачааллыг давхар бууруулах юм.

1990 оны дундаас МХХТ-ийг ашиглан Эстони улс цахим шилжилт хийж төрийн бүх үйлчилгээг иргэддээ ойр, шуурхай, гол нь ил тод болгосноор авлига, хүнд суртлыг халсан. Эстони улсын нийт хүн ам 1.3 сая, ДНБ нь 36.2 тэрбум ам.доллар буюу манай ДНБ-ээс 3.5 дахин их. Үүнээс жилд ДНБ-хээ 2%-тай тэнцэх төсөв буюу 724 сая ам.долларыг зөвхөн иргэдийнхээ 98%-ийг тоон гарын үсэгтэй болгосноор хэмнэж, блокчэйн технологийг төрийн бүртгэлд нэвтрүүлсэн анхдагч. Одоо энэ цахим үндэстэн төрийн бүх үйлчилгээг цахимаар авах бөгөөд нотариатын цахим баталгаажуулалт хийдэг болсноор зөвхөн гэрлэх, гэрлэлтээ цуцлуулах гэсэн хоёрхон тохиолдолд л иргэн биечлэн байх шаардлагатай болж.

Засгийн газар Эстониос туршлага судалж, хамтран ажилласны үр дүнд өнөөдөр И-Монгол платформыг хэрэглээнд нэвтрүүлж лавлагаа, татвар, даатгал г.м. мэт үйлчилгээг цахимаар авч цаг, зардлаа хэмнэж, хүнд суртлыг багасгах боломж бидэнд нээгдсэн. Цаашлаад тоон гарын үсгийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлэхээр зорьж буй.

Гэхдээ Эстони шиг бодит цахим үндэстэн болъё гэвэл нэг стандарттай, хаягийн мэдээллийн нэгдсэн сантай хаягжилтын дэд бүтэц, сууриа эхэлж тавиад, дээр нь цахим үндэстнээ босгох боломжтой.. өөр замгүй.

Учир нь Эстони цахим үндэстэн зүгээр л болсонгүй хажуугаар нь хаягжилтын реформ хийсэн. Яагаад гэвэл хаяг нь мэдээллийн системийн хамгийн төвөгтэй өөрийн дотоод бүтэц, динамик өөрчлөлттэй объектын нэг учир ямар ч шинэ мэдээллийн системийг төлөвлөх, боловсруулах, эсвэл хуучин мэдээллийн системээ шинэчлэхэд хаягийн өгөгдлийн хадгалалт, өгөгдлийн загвар, динамик өөрчлөлтийг нь сайтар тооцох хэрэгтэй аж. Иймээс хаягийн бүтэц, динамик өөрчлөлтийг нь заавал стандартчилах шаардлагатай.

Үүний дагуу, дээрх хаягжилтын шинэчлэлээр талаас илүү хувь нь алдаатай, дээр нь чухал мэдээллийн дутагдалтай байсан бүхий л бүртгэлтэй хаягаа цэгцэлж, нийт 2.4 сая гаруй объектын хаягаа Эстонид индексжүүлжээ.

Хаягжилт нь Глобал байршлын систем (GPS), Газарзүйн мэдээллийн систем (GIS) гэх мэт бусад МХХТ-ийн системийг бий болгон хөгжүүлэх суурь дэд бүтэц нь болдог.

Үүнд товч, тодорхой, стандарттай хаягжилтын тусламжтайгаар физик (бодит) болон цахим хаягжилтыг холбон GPS-г хэрэглэгчдэд илүү ойр, олон төрлийн төхөөрөмжид ашиглах боломжтой болгодог. Харин манай замбараагүй хаягжилтаас үүдэн дэлхийн программ хангамжтай холболт нь хязгаарлагдмал тул GPS технологийг бүрэн үр бүтээмжтэй ашиглах боломжгүй. GIS-ийн хувьд мэдээллийн бааз, хэрэглээний программуудаа өргөжүүлэх гол суурь болох хаягийн мэдээллийн нэгдсэн сан манайд байхгүй.

Товчхондоо, GPS-ийн хэрэглээг их багагүй бид гадарлана, харин энэ GIS бидэнд хэрэгтэй юү?

Газарзүйн мэдээллийн систем GIS

Өнөөгийн бүхий л салбарт тулгамдсан бодит асуудлыг ул суурьтай мэдээлэл, дүн шинжилгээ дээр үндэслэн эрсдэлийг тодорхойлж шийдэл, гаргалгаа гаргах аргачлалд хувьсгал хийсэн систем бол Газарзүйн мэдээллийн систем буюу GIS юм.

Зураг 3: Газарзүйн мэдээллийн систем GIS

GIS нь хүн ам зүй, үл хөдлөх, дэд бүтэц, газар эзэмшил, цаг уур, гол мөрөн, цөлжилт г.м. тухайн байршилтай холбоотой бүхий л газарзүйн мэдээлэл болон тэдгээрийн шинж чанарыг, цаг хугацааны мөчлөгтэй нь агуулсан асар их орон зайн өгөгдөл буюу мэдээллийн сангийн цогц дээр суурилдаг бөгөөд дээрх өөр өөр эх үүсвэрээс үүдэлтэй өгөгдлийг давхаргаар дүрслэн загварчилж хооронд нь уялдуулан төрөл бүрийн зориулалтаар дүн шинжилгээ хийж эрсдэл, гаргалгааг нь тодорхойлдог систем юм.

Тухайлбал, Сэлбэ голын сав дагуух үерт автах эрсдэлтэй бүсийн давхаргын зураглал дээр хуй салхи, аадар борооны нүүдлийн давхаргын зураглалыг давхцуулж, цаг хугацааны мөчлөгтэй нь уялдуулан дүрсэлж загварчилбал GIS-ийг та үйлдэл дээр нь харж байгаа хэрэг.

Харин дээрх загварчлал дээр хаягийн мэдээллийн нэгдсэн сан, мөн үүнтэй уялдаатай хүн ам зүйн мэдээллийг нэмж боловсруулснаар тухайн бүсэд эрсдэлд орох нийт хүн ам, айл өрх, объектын тоо, байрлалыг нарийвчлан тодорхойлж, шаардагдах эмнэлэг, түр байрны багтаамж болон холбогдох эрүүл мэнд, онцгой албаны хүн хүчний нөөцийн тооцооллыг хялбарчилж, эдгээр албаны үйлчилгээ, нүүлгэн шилжүүлэлт, хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй шуурхайлах оновчтой маршрутын системийг бий болгоно. Энэ нь GIS-ийг ашиглан гамшгийн эрсдэлийн менежментийг хэрхэн ул суурьтай төлөвлөж болохыг харуулах нэг жишээ.

Бизнест ч мөн GIS-ийг өргөн ашигладаг. Жишээ нь ямар ч бизнес, старт-ап зах зээлийн судалгаагүй хөрөнгө оруулалт татаж, үйл ажиллагаа эхлүүлэхгүй. Тэгвэл хаягийн мэдээллийн нэгдсэн сан үйлчлүүлэгч, өрсөлдөгч, зах зээл, борлуулалтын зэрэг байршлуудын маркетингийн зураглалыг нарийвчлан гаргахад тусалдаг. Уг зураглал дээр үндэслэн үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн байршлын ойр, нягтрал, хэрэглээний төстэй хэв маяг, сонголт зэрэгт үндэслэн зах зээлийг сегментчилж, зорилтот зах зээлийг сонгохоос гадна өөр өөр байршил, бүсийн нөөц, багтаамж, гүйцэтгэлийг үнэлэн харьцуулан дүн шинжилгээ хийх боломжтой.

Зөвхөн гамшгийн эрсдэлийн менежмент, зах зээл маркетинг гэлтгүй дээрх аргачлалаар хот төлөвлөлт, ялангуяа агаарын бохирдол, замын түгжрэл, болон байгаль экологи, нөөцийн үнэлгээ мониторинг, газар ашиглалт, нөхөн сэргээлт гээд төр, олон нийт, хувийн хэвшлийн өнөөгийн бүхий л бодит тулгамдсан асуудал, эрсдэлийг тодорхойлж, оновчтой шийдлийг сонгон, төлөвлөлт хийхэд GIS-ийн хэрэглээ үнэлж баршгүй.

Товчхондоо, хаягжилт нь GIS-ийн мэдээллийн бааз, хэрэглээний программуудаа өргөжүүлэх гол суурь, салшгүй нэг хэсэг нь бөгөөд GIS-ийг илүү оновчтой загварчлал боловсруулах, бодит байршлыг тогтоох суурь мэдээллээр хангаж, физик болон цахим хаягжилтыг нь холбон уялдуулж өгдөг байна.

Иймээс GIS-ийн хэрэглээг бүхий л салбарт илүү оновчтой, өргөн хүрээтэй нэвтрүүлье гэвэл бид хаягжилтын дэд бүтэц, энэ суурь нь хэрэгтэй. Ялангуяа хурдтай өргөжин тэлж буй боловч энэ тэлэлтдээ хяналтаа алдсаны уршгаар агаар хөрсний бохирдол, замын түгжрэлтэйгээ эвлэрсэн манай нийслэл шиг хотын төлөвлөлтөд найдвартай хаягжилтын дэд бүтэц дээр суурилсан GIS маш чухал үүрэгтэй.

 What3words, Plus codes

What3words, Plus codes зэрэг байршил тогтоогч нь GIS-ийн салшгүй нэг хэсэг болох орон зайн өгөгдлийг, үүнд гудамжны хаяг, байршлыг өргөрөг, уртраг руу хөрвүүлсэн газарзүйн кодчилол Geocode дээр суурилсан өргөн хэрэглээний хаягжилтын системүүд. Үүнд plus codes нь өргөрөг, уртрагийг тоо, үсгээр илэрхийлдэг бол what3words нь дэлхийн гадаргууд 3х3м-ийн торлол үүсгэн квадрат бүрийг 3 нийлмэл үгээр илэрхийлдэг. Тухайлбал, Драмын эрдмийн театрын plus codes хаяг “WW77+RPM” бол, тухайн объектын 3х3м-ийн нэг квадратын what3words хаяг ”///dock.earpiece.plugs” гэх жишээтэй.

Хэдийгээр эдгээр 2 систем манай улс шиг хаягжилтгүй, хүн ам сийрэг, хот суурин нь алслагдсан газарт тохирох өөр өөрийн онцолго, давуу талтай ч технологиос хэт хамааралтай нь сул тал болж хувирдаг.

Тухайлбал, what3words нь зөвхөн байршил тогтоогч апп, харин замчлалыг google maps, waze, citymapper г.м. 3дагч этгээдийн апп-аар гаргадаг тул  дата, сүлжээгүй үед ажиллагаа нь хязгаарлагдмал. Өөрөөр хэлбэл өөрийн байршлаа бусадтай хуваалцах, мессеж илгээх, мөн 3дагч этгээдийн газрын зураг ачаалан замчиллаа тодорхойлохын тулд дата, сүлжээ шаардлагатай.

Харин ердийн хаягийг санаж болно, хүнээс асууж болно, газрын зураг хэвлэж ашиглаж болно. Иймээс хөдөө орон нутагт, дата сүлжээгүй газарт орлуулшгүй чухал замчлах хэрэгсэл. Ердийн хаягийн эдгээр давуу талууд what3words, plus codes-д хамаарахгүй. Эсрэгээрээ, хаягжилтын дэд бүтэц сайтай газарт ч what3words, plus codes-ийг ердийн гудамж, замын хаягтай хавсарч хэрэглэх нь нийтлэг бөгөөд нэгнийхээ дутууг нөхөх илүү үр дүнтэй.

Ийм учир эдгээр системийг анхнаасаа ердийн гудамж, замын хаягжилтыг орлуулах зорилгогүй гаргасан. Гудамж, замын хаягжилт байгаа газраа шаардлага сайн хангана, харин байршлыг улам нарийвчлах, түүнчлэн тодорхой хаяггүй, замгүй газарт эдгээр систем нь хэрэглэгчдэд сонголт өгч туслах болохоос хаягийг бүрэн орлох хувилбар ерөөс биш бөгөөд ердийн хаягийн хэрэглээ нь “зөвхөн байршил тогтоогчоор хязгаарлагдахгүй”.

Ухаалаг хот

МХХТ улам хурдтай хөгжиж, хүний өдөр тутмын салшгүй хэрэглээ болохын хэрээр “Ухаалаг хот” хэмээх шинэ ойлголт гарч ирсэн.

Ухаалаг хотын гол ухагдахуун нь бүрэн тодорхойлогдоогүй байгаа ч ухаалаг технологи, тоон өгөгдлийн дүн шинжилгээ, шийдэл дээр тулгуурлан хотын менежмент, үйлчилгээг улам оновчтой болгон, эдийн засгийн өсөлтийг дэмжин, иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд оршино. Үүнд GIS-ийн өргөн хэрэглээ ч мөн хамаарна.

Манай хот хүссэн хүсээгүй энэхүү орчин үеийн хотын хөгжлийн хандлагыг дагаж хэв маягийг нь эрт оройгүй нутагшуулна. Харин хаягжилт нь ухаалаг хотыг хөгжүүлэх гол тулгуур баганын нэг. Үүнийг даган хаягжилтад ухаалаг хотын дараах шаардлага тавигддаг байна:

  • Хаягжилт нь хүнд зөвхөн хялбар бус ямар нэгэн компьютер, апп-н тусламжгүй тухайн байршлыг хаягаар нь олох боломжтой байх ёстой. Өөрөөр хэлбэл хүндээ ээлтэй байх ёстой. Үүний адил цахим системд ашиглахад мөн хялбар, нийцсэн стандарттай байх ёстой,
  • Хотын төвлөрсөн бус дэд бүтэц, үйлчилгээний шийдэл нь АТМ, ПОС терминал, цахилгаан, ус, дулаан, хий түгээх цэг г.м. олон төрлийн бие даасан үйлчилгээний цэгийг бий болгодог. Тэгвэл хаягжилтын дэд бүтэц уг асуудлыг тодорхой, оновчтой хаягжилтаар шийдвэрлэх чадвартай байх,
  • Тээвэр, хүргэлтийн г.м. үйлчилгээг автоматжуулахад хаягийн мэдээллийг цахим системтэй уялдуулан нэгтгэх шаардлагатай. Харин хаягийн мэдээлэл бодит байдал дээр зөрөх нь цахим системийн үр бүтээмжийг бууруулах тул найдвартай хаягжилтын дэд бүтэц хэрэгтэй,
  • Хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах дугуй, скүүтэр нь иргэд, зорчигчдын өдөр тутмын хэрэглээ болон өргөжих тутам ил тодорхой нэршилтэй гудамж, байрны дугаартай хаягжилт шаардлагатай,
  • Объект, байгууламжийн хэт төвлөрөл, нягтрал нь тогтворгүй байдлыг үүсгэдэг. Жишээ нь олон борлуулалтын цэгийг нэгтгэн төвлөрүүлж, тодорхой хугацааны дараа тараан байрлуулахад хаягийн мэдээллийн нэгдсэн сан тухайн өөрчлөлтийг шуурхай тусган шинэчлэгдэх чадвартай байх ёстой.

Өнөөгийн бидний замбараагүй хаягжилт дээрх шаардлагын нэгийг ч хангахгүй.

ХОТЫН МЕНЕЖМЕНТ, ДЭД БҮТЭЦ

Хаягжилт нь хот менежментийн маш хүчирхэг, гэхдээ их энгийн, хямд төсөр хэрэгсэл. Хаягжилтыг харьцангуй богино хугацаанд, бага нөөцөөр хэрэгжүүлж болохоос гадна хэрэгжүүлэлт нь хот менежментийг сайжруулж ялангуяа дэд бүтцийг маш чухал суурь мэдээллийн системээр хангана.

Энэ нь ялангуяа манайх шиг хөгжиж буй оронд илүү хамаатай. Учир нь хотын тогтвортой хөгжлийг сааруулж буй төлөвлөлтгүй суурьшлын бүсийн зураглалыг гаргахад хаягжилтын дэд бүтэц тусалж хот, хүн амын талаарх ихээхэн хэмжээний мэдээлэл цуглуулж системчилсэн судалгаа явуулах, дэд бүтцийн төлөвлөлт хийх чухал платформоор хангадаг.

Тухайлбал, суурьшлын бүсэд эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон цэвэр, бохир, дулаан, цахилгаан г.м. инженерийн шугам сүлжээний төлөвлөлт, уг дэд бүтцийн байрлал, шаардагдах хэрэглээ, хүчин чадлыг тодорхойлох, хөрөнгө оруулалтын хэмжээний талаарх илүү нарийвчилсан зураглал гаргахад шаардагдах суурь мэдээллээр хангаж, гүйцэтгэх засаглал, хувийн хэвшилд төлөвлөлт хийж, шийдвэр гаргахыг оновчтой болгон, засвар үйлчилгээ менежментийн үр бүтээмжийг дээшлүүлж, татвар хураамжийг сайжруулна.

Шинэ Гвиней улсын Конакри нийслэлийн захын зарим дүүрэг 1995 он хүртэл замбараагүй хог хаягдлын овоолгоос зам нь боогдож холерын дэгдэлтэд онцгой өртөмтгий байв. Харин хаягжилтыг эрчимжүүлснээр нь хог хаягдлын цэгүүдийг бүсчлэх, цуглуулах маршрут гаргах, цуглуулах бүс тус бүрийн нийт өрхийн тоог тооцоолох маш чухал өгөгдлийн суурь зураглал нь болжээ. Ингээд уг зураглалын дагуу хог ачиж, цуглуулах системийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласны нааштай үр дүнд хог цуглуулалт 20 – 80%, зах зээл 64%, үйлчилгээний төлбөр нь 76% тус тус өсжээ. Хамгийн гол нь 1997 оноос хойш холер өвчин тахал хэлбэрээр дэгдэхээ больсон байна.

ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДАА

Засаглал, хууль эрх зүй, нийгмийн бодлого, төлөвлөлт нь хаягжилттай уялдсанаар иргэд, хувийн хэвшилд оруулж буй хөрөнгө оруулалтыг дэмждэг, ингэснээр эдийн засгийн тогтолцоонд итгэх итгэлийг бий болгодог байна. Хаяггүй, эсвэл тодорхой бус хаягжилт нь тухайн бизнес эрхлэгч, харилцагч, түнш, хөрөнгө оруулагч хоорондын итгэлцлийг алдагдуулах, бизнес эрхлэх зардлыг өсгөх эрсдэлтэй.

Маш энгийн нэг жишээ гэхэд л бүхий л хууль эрх зүйн акт, гэрээний итгэлцүүрийн нэг илэрхийлэл нь бизнесийн хаяг. Өөрөөр хэлбэл хаягаар талуудын мэдээллийг баталгаажуулж, харилцааны сувгийг бий болгож, хууль эрх зүйн нийцлийг хангадаг.

Ийнхүү хаяг нь төр, хувийн хэвшлийн гүйлгээний найдвартай орчныг бүрдүүлж өгөхөөс гадна гадаад, дотоод гүйлгээ, худалдаа, бараа эргэлтийг үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс хэрэглэгчдэд илүү ойртуулснаар эдийн засгаа дэмжих бөгөөд хөрөнгө оруулалтын өгөөж нь олон зуун сая, тэрбум доллароор хэмжигддэг.

Энэ нь ялангуяа шуудан, тээвэр, цахим худалдаа, такси, хүргэлтийн г.м. үйлчилгээнд шууд хамааралтай бөгөөд хүргэлтийн эцсийн цэгийг тодорхой болгох нь илүү олон хэрэглэгчдэд хүрч, жинхэнэ бүх нийтийг хамарсан үйлчилгээг үзүүлэх боломжийг нээнэ. Нөгөө талаар тодорхой, дөт маршрут нь цаг хэмнэж, тээврийн зардал, замын түгжрэл, агаарын бохирдлыг давхар бууруулах, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, брэндийн нэр хүндийг өсгөх гээд олон эерэг нөлөөтэй.

Хаягийн баталгаажилт нь мөнгө угаахтай тэмцэх AML (Anti-money laundering) болон үйлчлүүлэгчээ таньж мэдэх KYC-ийн (Know your customer) зааварчилгаа, дүрмийн дагуу банк, санхүүгийн байгууллага үйлчлүүлэгчдээ тавьдаг нэг шалгуур, эрсдэлийн үнэлгээ буюу due diligence нь юм. Энэ шаардлага нь бүртгэлийн явцад үйлчлэгчийн хаяг нь бодит, мөн хамгийн сүүлийнх эсэхийг тодруулж залилан мэхлэх эрсдэлийг бууруулах шалгуур.

Зөвхөн банк гэлтгүй бүхий л цахим үйлчилгээний салбар, платформууд, үүнд криптовалют, тоон зах зээл, Финтек, цахим худалдаа нь мөн ижил эрсдэлийн үнэлгээний шалгуур тавьдаг. Учир нь асар их мөнгөн гүйлгээний урсгал бүхий онлайн платформууд нь цахим луйвар, халдлага, мөнгө угаах гэмт хэргийн талбар. Ковид цар тахлын үед Airbnb-ын хаягийн баталгаажуулалтын сул шалгуурын цоорхойг далимдуулан луйварчид дурын буудал, үл хөдлөхийг түрээслэх зар оруулж олон үйлчлүүлэгчийг хууран мэхэлсэн байдаг.

E-commerce гэхэд л НҮБ-ын судалгаагаар 2017-2021 оны хооронд Монгол улсын иргэдийн хийсэн цахим худалдаа тав дахин өсөж, 2022 оны байдлаар 352 сая ам.долларт хүрч, нийт худалдааны салбарын 24 хувьтай тэнцэж байгаа бол, 2027 гэхэд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Иймээс энэ их хурдтай өсөж буй цахим худалдааг улам хөгжүүлэх, мөн цахим орчны нууцлал, аюулгүй байдлыг сайжруулахад шуудангийн систем буюу хаягжилтыг олон улсын стандартад хүргэх нь маш чухал. Дээр нь цахим худалдаа хийх үед гарч болзошгүй луйвраас сэргийлэх, аюулгүй төлбөр гүйлгээний орчныг бий болгох зээлийн картын нэг шаардлага нь нөгөө л хаягийн баталгаажилт.

Харин хаягжилтын дэд бүтэцгүй манай улсад банк санхүүгийн байгууллага, цахим худалдаа, үйлчилгээний бүхий л салбарын энэхүү аюулгүй байдал, итгэлцлийн нэг шалгуур нь сул суурин дээр ганхаж байдаг буюу “хаягийн баталгаажилт” нь найдваргүй. Энэ нь олон улсад, дээрх бүхий л салбарын харилцаанд манай улсыг, үүнд хувийн хэвшлийг, та биднийг эрсдэлтэй субъект, бүсийн ангилалд оруулах нэг үзүүлэлт юм.

Аялал жуулчлал нь хөгжиж буй орны орлогын чухал эх үүсвэр. Ялангуяа манайд эдийн засгийн тэргүүлэх, маш ирээдүйтэй салбарын нэг бөгөөд ажлын байрыг бүхий л салбарт дэмждэг.

Зураг 4: Гудамж болгон нь нэршилтэй Филаделфи хотын жуулчны газрын зураг

Зорчигч, жуулчдад тухтай, ээлтэй, аюулгүй хотын нэг үзүүлэлт нь тэдэнд энэ танил бус, шинэ газар бусдын тусламжгүй чиглэл, баримжаагаа хялбар олох орчноос буюу гудамжны хаягжилтын системээс шууд хамааралтай. Тэдэнд Чойжин Ламын сүм музей Хуримын ордны баруун талд, Нарантуул Халдвартын урд гэж зааж өгөхгүй нь лавтай.

Түүнчлэн өнөө үед ихэнх жуулчид үзэхээр сонирхсон орны түүх, соёлын дурсгалт болон үзмэр, үйлчилгээний газруудыг цахим орчинд өөрийн ая тааваар, хялбар хайж үзэн мэдээлэл авдаг болсон. Судалгаагаар оновчтой, тодорхой хаягжилт нь эдгээр газрыг хялбар хайж олох, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжийг хөнгөвчлөхөөс гадна хамгийн гол нь тэднийг жуулчлан очиж үзэх шийдвэр гаргахад шууд нөлөөлдөг аж. Товчхондоо, тодорхой хаяг нь үйлчлүүлэгчээ татах нэг үзүүлэлт, маркетингийн салшгүй хэсэг., уг нь их энгийн.

Хууль, эрх зүйгээр зохицуулагдсан газрын өмчлөх, эзэмших, ашиглах эрх нь эдийн засгийн хөгжлийн тулгуур багана гэж үздэг. Тиймээс хаягжилт нь газрын дээрх эрхийн бүртгэлийг татварын болон төлөвлөлтийн зорилгоор байршлыг нь баталгаажуулах хэлбэрээр шууд дэмждэг гээд дурдаад байвал хаягжилтын дэд бүтэц дээр суурилдаггүй нийгэм, эдийн засгийн салбар, нэгж гэж байхгүй.

ГЭМТ ХЭРЭГ

Төлөвлөлтгүй суурьшлын бүс нь төрийн хяналт, үйлчилгээнээс гадна үлдэн тусгаарлагдаж гэмт хэрэг, хүчирхийллийн үүр уурхай болохоос гадна энэ гадуурхагдсан бүсийн тодорхой эрхэлсэн ажилгүй, оршин суух хаяггүй иргэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдох өндөр эрсдэлтэй.

Хаягжилтын дэд бүтэц нь хохирогч, гэмт хэрэгтэн, гэмт хэргийн голомтын байршлыг багтаасан зураглалыг гаргахад туслахаас гадна хууль сахиулах байгууллагад гэмт хэргийн үйл ажиллагааны хэв маяг, чиг хандлага, эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох, түүнчлэн урьдчилан сэргийлэх, таслан зогсоох стратегийг боловсруулахыг хөнгөвчилнө. Өөрөөр хэлбэл, уг зураглалыг ашиглан гэмт хэрэг нь тодорхой бүсэд тохиолдлын хэлбэрээр тархсан эсвэл хэсэгчлэн төвлөрсөн эсэх, үүнд хүн амын нягтрал, газар ашиглалт, нийгэм эдийн засгийн бусад хүчин зүйлс нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжтой.

Зохион байгуулалттай гэмт бүлэглэлд энэхүү төрийн хяналт үйлчилгээнээс гадна үлдсэн төлөвлөлтгүй суурьшлын бүс нь үүрлэх таатай орчин бөгөөд цаашлаад хил дамнан үйл ажиллагаа нь өргөжих өндөр эрсдэлтэй. Үүнээс урьдчилан сэргийлэх нь гүйцэтгэх засаглалын үүрэг. Ийм учир, аюулгүй байдлын үүднээс хувь хүний бүртгэл, хаягийн баталгаажилт шаардах нь гэмт бүлэглэл төрийн зохицуулалт, хяналтын цоорхойг дөрөөлж үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг хязгаарладаг.

Тухайлбал, тодорхой бус буцах хаяг нь аюултай, хууль бус илгээмжийн олон үзүүлэлтийн нэг, иймээс олон улсад оновчтой, зөв тодорхой буцах хаяг нь аюулгүй байдлыг сайжруулах чухал хэрэгсэл гэж үздэг. Тодорхой гудамж, гудмын нэршил, байшингийн дугаарлалтаас бүрдсэн, мэдээллийн нэгдсэн сантай хаягжилтын дэд бүтэц нь асуудал гарсан үед илгээгчийг тодруулах, шуурхай хариу арга хэмжээ авахад чухал үүрэгтэй.

Түүнчлэн найдвартай хаягжилт нь мөнгө угаах, залилан мэхлэх зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ил тод шилэн санхүүгийн системийг дэмжих гол тулгуурын нэг.

Үндэсний аюулгүй байдалд харилцаа холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтцийн бүрэн бүтэн байдлыг хангах нь маш чухал. Харин гудамжны хаягжилт хэмээх маш энгийн, өндөр технологийн бус дэд бүтцийг ямар ч гаднын халдлага зүгээр нэг сүйтгэж, устгаж чаддаггүй тул үндэсний онцгой, аюулгүй байдлын үед орлуулшгүй, найдвартай харилцаа холбоо, түгээлтийн сүлжээний дэд бүтэц нь хэвээр үлддэг байна.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ТОГТВОРТОЙ БАЙДАЛ, ЭРСДЭЛ, ГАМШГИЙН МЕНЕЖМЕНТ

Зураг 5: Тайлбаргүй

Хаяггүй эсвэл тодорхой бус хаягтай, танигдахгүй балархай гудмын тэмдэг тэмдэглээтэй эсвэл ямар ч тэмдэглэгээгүй манай нийтлэг суурьшлын бүс 101, 102, 103 зэрэг тусгай дугаарын дуудлагын онцгой, шуурхай албаны өдөр тутам нүүр тулж байдаг гол бэрхшээл. Энэхүү төөрдөг байшинд эдгээр албаны үйлчилгээний хурд, үр бүтээмж нь тодорхой нэршил тэмдэглэгээтэй гудамж, байрны дугаартай найдвартай хаягжилтын дэд бүтцээс шууд хамааралтай.

Гамшгийн үед ч мөн ялгаагүй, жишээ нь 2023 оны 7 сард болсон Сэлбэ, Дунд голын үерээр хотын менежер нь, онцгой байдлын газрын удирдах хүмүүс нь эдгээр голын голдирол дагуух усанд автсан айл өрх, хотхон, объектын талаар “.. Дарь эх хавьд., Буянгын зам дагуух хэсэг (уг нь Юнеско-гийн гудамж, голын зүүн эргийн дагуу гудамж нь нэршилгүй)., Сэлбэ голын дагуу байгаа гүүрнүүд (ихэнх нь нэршилгүй)., Соёмботой хөшөөний харалдаа байгаа зам (Махатма Ганди-гийн гудамж)..” г.м. баримжаалсан байршил, объектоор мэдэгдэл өгөх жишээтэй.

Иймэрхүү зураглалаар эдгээр албад шийдвэр гаргаж, арга хэмжээ авдаг бол тушаал гүйцэтгэл нь хоорондоо хэр уялдаатай, хэр оновчтой, шуурхай эсэх нь эргэлзээтэй. Нөгөө талаар ямар ч практик хэрэглээгүй, нэр төдий хаягжилт тэдэнд өөр сонголт үлдээсэнгүй.

Улсын нэг, гуравдугаар төв эмнэлэг, гэмтэл, драмын театр, бөхийн өргөө, зэрэг эмнэлэг, үзвэр үйлчилгээний газар болон бүхий л хотхонд төлөвлөлтгүй газар олголтын уршгаар орж гарах ямар асуудалтайг бид хэлэлтгүй мэднэ. Энэ цементэн ширэнгэ дотор үерээс гадна томоохон гал түймэр, газар хөдлөлт болоход хэчнээн олон хүний амь эрсдэж, эд хөрөнгийн хохирол амсахыг төсөөлшгүй.

Тэгвэл хаягийн мэдээллийн нэгдсэн сан бүхий хаягжилтын дэд бүтэц эдгээр эмзэг бүс, газрын байршил, хүн амын нягтралын өгөгдлийг нарийвчлан баталгаажуулах замаар уг бүсийн гамшгийн эрсдэлийг бууруулах стратеги, эрсдэлийн үнэлгээ, нөөцийн зураглалыг гаргахад туслахаас гадна онцгой албаны үйлчилгээ, нүүлгэн шилжүүлэлт, хүмүүнлэгийн тусламжийг илүү оновчтой цаг алдалгүй шуурхайлах тодорхой харагдах тэмдэг тэмдэглэгээтэй гудамж, гудам, ил тод дугаартай байр, объект бүхий оновчтой маршруттай системийг бий болгодог.

Цар тахлын үед мэргэжлийн байгууллага өвчний голомтыг даруй олж, тухайн бүсэд биечлэн халдварын тархалтыг хянан, хөл хориог тогтоох чадвартай байх ёстой. Харин хаягжилтын дэд бүтэц үүнийг хөнгөвчлөөд зогсохгүй мэргэжлийн байгууллагад халдвар дэгдэлтийн зураглал гаргаж, хаягтай нь уялдуулан мэдээллийн сан үүсгэн халдварын голомт үүсэх магадлалтай хороо, хэсгийн хэв төлөвийг тодорхойлж хүрээлэн буй орчин, зан үйл, удамшлын зэрэг нөлөөлөх хүчин зүйл, халдвар дамжих шалтгаан, эх үүсвэрийг судлах боломжтой болгож цаашид халдварын эрсдэлийг үнэлж, шуурхай арга хэмжээ авах стратеги боловсруулалтыг хөнгөвчилнө.

Агаарын бохирдолд ч манай эмх замбараагүй хаягжилт шууд нөлөөтэй. Судалгаагаар илгээмж, бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлтийн үр бүтээмжийг тодорхой, дөт маршруттай болгон сайжруулснаар цаг, илүү зардлыг хэмнэж зөвхөн ачааны машинаас ялгаруулах агаарын бохирдол, үүнд CO2 ялгарлыг 30% хүртэл бууруулах боломжтой гэж тооцоолсон байдаг.

Дахин дурдахад тодорхой маршрут нь А цэгээс В цэг рүү хүрэх хамгийн дөт, нэршил хаягтай гудамж, танигдах дугаартай байр, объект бүхий хаягжилтын дэд бүтэц бөгөөд тогтвортой, ухаалаг хотын суурийг тавих гол тулгуурын нэг.

ЭНГИЙН

Иргэний бүртгэл, үл хөдлөх, даатгал, тэтгэвэр, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, халамж, татвар, сонгууль, банк санхүү, тээвэр гээд энэ бүх үйлчилгээний суурь шаардлагатай нийтлэг өгөгдөл бол иргэний овог нэр, регистрийн дугаараас гадна.. та бидний хаяг.

Хаяг нь ингэхээр зүгээр нэг иргэний үнэмлэх дээрх нэр төдий бичвэр бус юм. Иргэн хаягаараа дамжин гэр бүл, хамаатан, ойрын хүрээллээсээ хальж олон нийт болон төрийн байгууллагатай холбогдон энэ нийгмийн нэг эд эс болоод зогсохгүй цаашлаад гадагш холбогдох гүүр нь болдог. Хаяггүй хүн нийгмийн харьяалалгүй, тийм болохоор хаяг нь найдвартай, нийтлэг стандарттай байж л үр шимийг нь бид хүртэнэ.

Иргэн гэлтгүй олон нийт, төр, хувийн хэвшил энэ хаягжилт хэмээх  чухал суурь мэдээлэл, дэд бүтэц дээр тулгуурлаж байж хоорондын бүхий л харилцаа, үйлчилгээгээ шуурхай, үр бүтээмжтэй болгодог. Үүгээр зөвхөн нэг захиа, илгээмжийг эдгээр субъект хоорондоо хурдан шидэлцээд байхыг хэлсэнгүй, гол нь найдвартай хаягжилтын дэд бүтэц дээр суурилсан ул суурьтай мэдээллийн сан дээр тулгуурлан дотоод менежментээ сайжруулж, оновчтой төлөвлөлт, бодлого боловсруулж, хөрөнгө оруулалт оруулахыг хэлээд байгаа хэрэг.

Хэдийгээр энгийн мэт боловч нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт шууд болон шууд бусаар асар их үр нөлөөтэй энэхүү чухал суурь дэд бүтэц, том тулгуур хөшүүргээ сул хөрс, суурин дээр ганхуулж, доголдуулж ирснийхээ горыг өнөөдөр бид авлига хээл хахууль, замын түгжрэл, агаар хөрсний бохирдол, эрүүл мэнд, боловсролын уналтаар харж байна.

Хаягжилтын дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх нь нийгэм, эдийн засаг, үндэсний эрх ашгийг дэмжих том хөрөнгө оруулалт. Иймээс зөвхөн суурьшлын бүсээр хязгаарлалгүй орон даяар хаягжилтын системийг бүрэн нэвтрүүлэх нь та бидний эрх ашиг юм.

Эцэст нь түргэний эмч нь шуурхай, хүүхдийн сургууль цэцэрлэгийн бүртгэл асуудалгүй, ус цахилгаан нь тасардаггүй, толгой маажилгүй бөглөдөг хаягтай, илгээмж авдаг хаягтай, хүргэлтийн пицца нь халуун, утаанд угжуулдаггүй, түгжрэлд гацдаггүй, таксинд замчилдаггүй, авлига өгөлгүй сурч, ажилдаг тайван орчинд амьдрахыг хүсдэггүй хүн гэж байхгүй. Ийм болоод л манай залуус тогтохгүй гадагшаа урсаад байгаа хэрэг. Гэтэл энэ нийгмийг иргэддээ ээлтэй болгон өөрчлөх нэг суурь нь нөгөө л бидний үл ойшоох энгийн хаягжилт шүү дээ. Энгийн шийдэл нь ээдрээтэй асуудлуудыг тайлах түлхүүр гэдэг.

Шагдарын Цогтбаатар

Эх сурвалж: 

  • Universal Postal Union. Addressing the world – An address for everyone. The white paper. 2012.
  • C.F.Vitkovic, L.Godin, H.Leroux, F.Verdet, R.Chavez. (2005). “Street Addressing and the Management of Cities”. World Bank. 2005.
  • Coertzee, A.K.Cooper. “Value of addresses to the economy, society and governance – a South African perspective”. Conference Paper. August 2007.
  • Demir, R.Raskar. “Addressing the Invisible: Street Address Generation for Developing Countries with Deep Learning”. 2018.
  • A.Davis Jr, F.T.Fonseca. “Assessing the certainty of locations produced by an address geocoding system”. Geoinformatica. 2007.
  • Yildirim, T.Yomralioglu, R.Nisanci, H.Inan. “Turkish street addressing system and geocoding challenges”. 2013.
  • B.Gakh. “Peculiarities of Modern Street Addressing System toward to Implementation of the Smart City Conception”. 2020.
  • AS Datel. “ADS Interfacing manual”. v. 2022.
  • Facts & figures. e-Estonia. 2023. Available at: https://e-estonia.com/ 
  • Poor Addresses Cost India $10–14 Billion a Year. Dr.S.Bhattacharya. Available at: https://towardsdatascience.com/
  • What is proof of address?. Domantas Ciulde. Available at: https://thesecmaster.com/
  • Spatial data. A.Zola, M.Fontecchio. Available at: https://www.techtarget.com/
  • Learn about Plus Codes. Available at: https://maps.google.com/pluscodes/
  • The simplest way to talk about location. What3words. Available at: https://what3words.com/about
  • Mongolia eyes e-commerce to diversify its economy. UNCTAD. Available at: https://unctad.org/
  • DARC, M-NCPPC. “Addressing and Street Naming Guidelines and Procedures Manual for Montgomery County, Maryland”. June 26, 2014.
  • Federal Geographic Data Committee. “Street Address Data Standard (Working Draft 2.0)”. FGDC Document number XX. November 2005.
  • Монгол улсын стандарт, ‘MNS 5283:2022, Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага”.
  • Засгийн газрын 2019 оны 325-р тогтоолын хавсралт, Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”.
  • УБЕГ, “Улсын бүртгэлийн байгууллагын тоон мэдээ”, https://burtgel.gov.mn/