Хондурасийн Солутека голын бүс нутаг хүчтэй хар салхиараа алдартай. Иймээс 1998 онд нутгийн иргэдийн бахархал, инженерчлэлийн гайхамшиг, 484м урт “Ургах нарны гүүр” хэмээн алдаршсан байгалийн гамшгийг тэсвэрлэж чадах гүүрийг Японы компаниар бариулжээ.
Гэтэл тэр жилд нь маш хүчтэй хар шуурга болж тухайн бүсийн бүх зам, гүүрийг газартай нь тэгшлэн, газрын төрх байдлыг танигдахгүй болтол нь өөрчлөв. Ердөө л ганц гүүр торойн үлдсэн нь нөгөө алдарт Ургах нарны гүүр байж. Аргагүй л итгэл найдвар, Япон чанарын бэлэг тэмдэг болон ганцаар торойн үлдэж. Харин гүүртэй холбосон хоёр талын замаас ямар ч ул мөр үлдсэнгүй.
Асуудал үүгээр дууссангүй, их үер Солутека голын голдирлыг бүрмөсөн өөрчилж гүүрний доогуур бус хажуугаар нь шинэ голдирол үүсгэв. Ингээд нөгөө гүүр маань аймаг, сумын төвийн угтах хаалга мэт ач холбогдолгүй, нэг бэлэг тэмдэг болон хувирчээ. Хэрэглээгүй болсон бэлэг тэмдэгтээ иргэд нь удалгүй “Хаа ч хүрдэггүй гүүр” хэмээх шинэ алдар хайрласан гэдэг.
Солутека гүүрний сургамж бидэнд их хамаатай. Өнөөдөр дэлхийн дулаарал байгалийн гай гамшгийг төсөөлж ч байгаагүйгээр илүү хүч, далайц, ойр давтамжтай болгож байна. Өнгөрсөн зуны Сэлбэ голын их үер үүний нэг. Ямар ч ойлголт, бэлтгэлгүй, найр наадамдаа яарч байсан бид хотоо усанд живүүлчихсэн.
Сэлбэ голын үер бидэнд үерийн даланг өндөрлөхөөс илүүтэйгээр:
- Голын эхээр ойжуулж борооны усыг тэнд нь шингээх,
- Үерийн ус хуримтлуулах санг голын эх, дундуур олныг байгуулах,
- Голын урсцыг сайжруулах,
- Борооны ус зайлуулах мөн хуримтлуулах сувгийг бүхий л зам дагуу яаралтай хийх шаардлагатайг бодитоор үзүүлсэн.
Харин эдгээр үерийн эрсдэлийг бууруулах шаардлагатай ажлуудаас ганц хийж байгаа нь Сэлбэ голын урсцыг сайжруулах. Санаж байвал эргийнх нь дагуу S-Outlet, Шунхлайн объект, нэг жижиг ТҮЦ-ийг буулгасан. Өнөөдөр ч улаанаар эргэж буй үерийн усанд олон шар экскаватор байгалийн тогтцыг нь сүйтгэн, лаг хагшаасыг нь амь өрсөн уралдан ухаж буй дүр зураг харагдана. Харамсалтай нь, энэ нүсэр ажил гал унтраах төдий.
Мэргэжилтнүүдийн онцолж буйгаар, Сэлбэ голын үерийн ус дээрээс орж ирэхдээ Их Наядын хажуугаар огцом тохойрч, тэндээсээ ус нь Энхтайваны гүүр хүртэл нэлэнхийдээ хуримтлагдан, задгайрч урсдаг байж. Учир нь голын хэвгий нь энэ голдирлын дагуу бага аж. Гэтэл өнөөдөр, энэ үерийн ус хуримтлуулах усан сангийн тохойд нь Их Наяд, дунд нь Авлига хороолол сүндэрлэж буй. Дээр нь Натурын гүүрнээс доош голдирол нь хоёр талаасаа хумигдан нарийссан зэрэг шалтгаанаар Сэлбэ голын урсцыг сайжруулах боломжгүй гэнэ!?
Үндсэндээ бид үерт биш авлигадаа живж буй аж. Үр дүнд нь бид өвөлд нь гулгаж, зунд нь харайж сурсан бол одоо нэмж сэлж сурах бололтой., баярлалаа! Дээр нь НОБГ-аас энэ онд хийсэн Үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр эрсдэлийн индекс нь 10.6 буюу “маш их”, цаашлаад нийслэлийн хэмжээнд сүүлийн 10 жилд үерийн тоо буурахгүй, харин огцом өсөх аюул нүүрлэж байна гэжээ.
Гайхалтай нь, НИТХ-аас 2024 оны төсөвтөө Сэлбэ голын үерийн эрсдэлийг бууруулахад “0” төсөв тусгасан байв. Үүнийг НИТХ-н П.Наранбаяр тэргүүтэй төлөөлөгчид эсэргүүцэн, шахаж байж энэ оны 2 сард 10 тэрбум, 4 сард нийслэлийн гаргах бондоос 18.5 тэрбум төгрөгийг мөн нэмж гаргуулжээ. Энэ нь нийслэлээс үер, гамшгийн эрсдэлд ямар хайнга, загасны ой санамжаар хандаж буйн дохио.
Туул голын хувьд, холбогдох албаны хүмүүс сүүлийн 60 гаруй жил огт хийгдээгүй үерийн далангийн судалгаа, зураг төслийг яаралтай шинэчлэх шаардлагатайг сануулсаар ирсэн. Гэтэл 2021 онд зам барих нэрийдлээр Зайсангийн гүүрний дээр хууль бусаар бургасыг нь хядан, үерийн даланг нь нурааж байх жишээтэй. Тухайн үед нь Нутгийн шийдэл ТББ-н төлөөллүүд шүгэл үлээн зогсоож байв.
Харин хэд хоногийн өмнө Яармаг I-р хорооллыг холбох шинэ гүүрний дутуу баригдсан зам Туул голын үерт автсан нь олны анхааралд өртөөд буй. Үүнд, тэр зам нь шороон, эсвэл бетондуулж бэхэлсэн эсэхийг онцлох гэсэнгүй. Асуудал нь, тэр хөндийн Туул голын унал хэвгийн онцлог, үерийн усны ачаалал, урсцыг гүүр чөлөөтэй нэвтрүүлэх талаар хэр зэрэг тооцоололтой хийсэн эсэх нь энэ багахан үерээс харахад тун эргэлзээтэй.
Энэ удаагийн үерээр, байгаль эх Туул голын үндсэн голдирол нь тухайн хэсэгт үерийн урсцад хангалтгүй, өөр хаагуур түрэлт өгч болохыг харуулж, цаашид үүнээс ч илүү том үер, ойр давтамжтай болж болохыг сануулж буй. Тэр үед гол түрэлт нь өөр хаагуур орж ирэхийг бид урьдчилан таашгүй, харин гарч болох эрсдэлийг тооцоолж бэлтгэлтэй байх ёстой.
Солутека гүүрний түүхийг эргэн сөхье. Энэ гүүр нь гамшгийг даван туулах бат бөх, тухайн үедээ хамгийн сайн инженерийн шийдэл байсан байж болох ч, зохион бүтээгчид нь нөхцөл байдал өөрчлөгдөж, хэрэглээ нь шууд утгаараа үгүй болж болно гэдгийг тооцоолсонгүй. Энэ түүх нь “дасан зохицох чадвартай барих нь бат бөх барихаасаа дутахгүй чухал” гэдгийг бодитоор харуулсан том сургамж юм.
Солутека гүүрний түүх нь зөвхөн барилгын салбар гэлтгүй, өнөөдөр бизнест кейс судалгаа болтлоо өргөжсөн. Ихэнхдээ бид төсөл, бизнесээ төлөвлөх эсвэл мэргэжлээ сонгохдоо урт хугацааны хэтийн төлөвт анхаарлаа хандуулаад, хамгийн чухал зүйл болох дасан зохицохоо үл тоомсорлодог. Нөхцөл байдал, зах зээл хэзээ ч эрс өөрчлөгдөж болзошгүй, яг л Солутека гол голдирлоо өөрчилсөнтэй адил. Дасан зохицох чадвар яг энэ үед гарч ирдэг аж.
Энэ бүхний эцэст “та хүчтэй, ухаантай байж болно, харин дасан зохицох чадваргүй бол та юу ч биш..” (Ч.Дарвин) гэдгийг байгаль эх бидэнд анхааруулаад байгаа хэрэг.