Мияваки Ой

Facebook Twitter

МИЯВАКИ ОЙ

Ой, төглийг

  • 10 дахин хурдан,
  • 30 дахин шигүү, нягт,
  • 100% органик ургуулж,
  • 40 дахин илүү нүүрстөрөгчийг шингээж,
  • 100 дахин илүү биологийн төрөл зүйлийг бий болгох орчин бүрдүүлж болдог байна.

Уг ой, төгөл ургуулах энэ өвөрмөц аргачлалыг Японы ботаникч Акира Мияваки үндэслэжээ.

Мияваки ой, төглийг олон арван га газар тархаан суулгаж болохоос гадна хашаандаа ч ургуулж болно. Ихэвчлэн сургууль, цэцэрлэгийн талбай эсвэл зам дагуу суулгасан уг бяцхан ой, төгөл нь өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, агаар, дуу чимээний бохирдлыг бууруулах, биологийн төрөл зүйлийг олшруулах хөдөлгөөний нэг хэсэг болж Европ, Америк, Азийн олон хотод улам өргөжиж байна.

Эрдэмтэд уг цомхон экосистем нь уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж буй бөгөөд нэг төрлийн таримал мод ургамлаас 40 дахин илүү нүүрстөрөгч шингээх чадвартай хэмээн тооцоолжээ.

Ердийн ой байгалийн жамаар урган бүрэлдэхэд 200-300 жил шаардагдах бол Мияваки аргаар ердөө 20-30 жилийн дотор ойг ургуулж болдог аж. Ялангуяа хүн малын хөлд талхлагдсан үржил шимгүй хөрсөнд цаашид ‘арчилгаа’ шаардлагагүй бие даан ургах чадвартай ой төглийг 3 жилийн дотор үүсгэнэ. Иймээс иргэдээ цэвэр агаараар хангах, хөрсний эвдрэлд доройтсон газрыг ойжуулан нөхөн сэргээх хот суурин газрын эдгээр хойшлуулалтгүй тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Мияваки ой яах аргагүй олон улсад тренд болж байна.

Энэ гайхалтай ойг ургуулах нууц нь:

  1. Уугуул унаган модлог ургамлыг сонгох,
  2. Хөрс боловсруулалт,
  3. Шигүү суулгаж ургуулах.

Ойжуулалт хийх талбайд тухайн бүс нутагт дасан зохицсон нэг бус олон төрөл зүйлийн уугуул модлог ургамлыг нарийн ажиглалт, судалгааны үндсэн дээр сонгодог байна. Сонгосон модлог ургамлын үр, суулгацаа хооронд нь нягт ойрхон суулгахаас гадна бас босоо орон зайг нь өндөр нам мод, бут, сөөгөөр дүүргэхээр тооцоолж суулгадаг. Ингэснээр ердийн ой төглөөс 30 дахин илүү ногоон гадаргуугийн талбай үүсгэнэ гэсэн үг. Ой төгөл бүрэлдэн тогтох эхэн үеийн өөр хоорондын орон зай, нарны гэрэл, ус тэжээлийн төлөөх өрсөлдөөн нь маш хурдан томорч ургахыг нь дэмждэг байна.

ХӨРС

Мияваки ой төглийг үүсгэхдээ хөрснөөс эхэлнэ. Ажиглалтаар ой модны ургалтад уур амьсгалаас илүү хөрсний шинж чанар илүү хамааралтай аж. Иймээс хөрсний азот, фосфор, калийн агууламжийг эхлэн тодорхойлж тухайн орон нутагт олдоцтой хөрсөнд холих биомассын төрөл, орцын харьцааг тооцоолдог. Хөрс нь усыг амархан шингээж чийгээ удаан хадгалах ёстой. Жишээ нь нарийн ширхэглэгтэй шаварлаг хөрсөнд ус муу нэвчих тул биомассыг хольсноор хөрс илүү сүвэрхэг ус сайн нэвчих боломжтой болно*. Мөн ус шингээх хүлэр мэтийн биомасс нэмж хөрсийг чийгээ удаан барих боломжтой болгоно.

Хэрэв хөрс ямар ч үржил шимгүй бол юун түрүүн бордоо хэрэглэхгүй. Учир нь энэ нь байгалийн бус үйлдвэрлэлийн технологи болно. Үүний оронд бичил микро организмыг хөрсөнд нэмж өгдөг. Ингэхдээ тухайн орон нутгийн ойн хөрснөөс дээж авч түүнд байх микроб, мөөгөнцрийг нь үржүүлж хөрсөндөө нэмнэ. Микро организм нь хөрсөнд хольсон биомассаар хооллон үржих тутам шим тэжээлийг байгалийн аргаар бий болгож хөрс нь амьдарч амьсгалж эхэлдэг. Түүнчлэн микроб, мөөгөнцөр нь хөрсөн дахь модлог ургамлын үндэсний торлог сүлжээг дэмжиж олон төрлийн мод, бут, сөөг шим тэжээлээ харилцан солилцож хамтран ургах таатай орчныг бүрдүүлнэ.

Хөрсний гадаргууг зоргодос, холтос, сүрэл г.м. тухайн орон нутагт аль олдоцтой био задрах зузаан давхаргаар хучна. Ингэснээр хөрс хуурайшилт, халуунд чийгээ хадгалж, хүйтэнд жавар зөвхөн зоргодос, сүрэл дээр цохиж хөрс нь амьсгалсаар байх болно. Хөрс нь маш зөөлөн тул үндэс хялбар нэвтэрч хурдан салаална. Уулаар алхдаг хүмүүс ойн хөрс ямар хөвсгөр зөөлөн, сийрэг, ялзмагаар баялаг байдгийг гадарлана, ийм л хөрсийг бэлдэж өгөх юм.

Дээрх хөрс боловсруулалт нь тухайн ойжуулах нийт талбайг хамрах бөгөөд ажиллагаа ихтэй ч модлог ургамлын амьдрах чадварыг сайжруулах таатай орчныг бүрдүүлэх гол суурь.

Эхэндээ энэ ой төгөл нь ургаж томрохгүй юм шиг ажиглагддаг боловч ургалт нь гадаргуу дор эрчимтэй явагдаж байдаг. Эхний 3 сард үндэс 1 метрийн гүнд хүрч торлог үүсгэн хөрсийг нягт барьж торгооно. Микроб, мөөгөнцөр энэ үндэсний торлог дамжин амьдарч модлог ургамлын тэжээл, мэдээллийн харилцан солилцооны сүлжээг үүсгэнэ. Ингэснээр тэжээл дутагдалтай нэгнээ уг сүлжээгээрээ дамжуулж шаардагдах шим тэжээлээр хангана. Бороо ороход шөнийн дотор мөөг ургах бөгөөд энэ нь хөрсөнд эрүүл мөөгөнцрийн сүлжээ үүссэнийг илтгэнэ.

Харин үндэс нь ургаж тогтворжсоны дараа хөрсөн дээрх ургалт нь эрчимжиж эхэлдэг байна.

* Хөрсний агааржуулалт, ус нэвчих чанарыг ихэсгэх зорилгоор элс холих нь нийтлэг. Гэвч элс амархан элэгддэг, хөрсний ус чийг, үржил шимийг муу барих тул мод, ургамлыг эрүүл ургахад шаардагдах ус чийг, тэжээлээр нь тогтмол хангаж чаддаггүй аж.   

 УУГУУЛ УНАГАН МОДЛОГ УРГАМЛЫН СОНГОЛТ

Мияваки аргачлалын гол зарчим нь Potential natural vegetation (PNV) буюу “тухайн хүрээлэн орчинд хүний ямар нэгэн нөлөө, оролцоогүй бүрэлдэж болох ургамлын төрөл зүйл” концепц дээр суурилдаг. Өнөөдөр ойн түймэр, мод бэлтгэл, газар тариалан, уул уурхай, бэлчээрийн талхагдал г.м. хүний үйл ажиллагааны нөлөөгөөр ой доройтож, хөрсний шинж чанар нь өөрчлөгдсөнөөр унаган бүтэц, төрхөө хадгалж үлдсэн ой дэлхий даяар ховордсон. Японы сүүлийн үед үүсэн бүрэлдсэн ойд уугуул унаган ойн нь ердөө 0.06%-ийг эзэлж байна хэмээн Мияваки тооцоолжээ. Харин манайд унаган бүтэц төрхөө хадгалан үлдсэн ойн сүүлийн хоргодох газар нь цөөн хэдэн балар ойн шинжит хөвчийн өчүүхэн хэсэгт үлдсэн талаар судалгаа байдаг.

Мэргэжилтнүүд ‘PNV’ уугуул унаган ойн ажиглалт, судалгааг ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, экологийн судалгааны чухал хэсэг гэж үздэг бөгөөд уг судалгаа нь тухайн орны нөхцөлд тохирох ойн тогтвортой менежмент явуулах бололцоо өгдөг. Иймээс PNV Мияваки аргачлалын цөм нь юм.

Мияваки аргачлалаар ойжуулалт хийх талбайд уугуул үндсэн гол модноос гадна аль болох олон бусад дагалдах уугуул модлог ургамлыг PNV-н ажиглалт, судалгааны үндэслэл дээр сонгоно. Өөрөөр хэлбэл зөвхөн нэгэн төрлийн мод бус байгалийн аясаар ургасан уугуул ойг үлгэрлэн бүрэн цогцоор нь бусад мод, бут, сөөгтэй олон давхаргат ойн экосистем бүрэлдүүлэхэд юм.

Уугуул бус модлог ургамал нь тухайн хүрээлэн орчин, хөрс, цаг ууртай сайн зохицоогүй тул бордоо, услагаа г.м. 20 илүү жилийн тогтмол арчилгаа, таатай орчин шаардагдах бөгөөд ургалт нь удаан. Түүнчлэн үндэс нь гүн бус, хүчтэй салхи, аадар бороо, хуурайшилтад эмзэг, түймэр, хортон шавжид өртөмтгий аж.

Харин уугуул модлог ургамал нь тухайн орон нутгийн цаг агаар, хөрсөнд маш сайн зохицсон тул хурдан ургахаас гадна амьдрах магадлал өндөр. Ингээд PNV-н ажиглалт, судалгааны дээрээ үндэслэн уугуул модлог ургамлаа сонгож өндөр намаар нь дараах 4 төрөл давхаргад ангилдаг байна:

  • бүрхүүл титэм мод (>12м),
  • модны үндсэн бүлэг (6-12м),
  • модны дэд зүйл (2-3.6м),
  • бут, сөөг (1.8м),

Үүний дараа модлог ургамлынхаа давхарга бүрийн нэгж талбайд ногдох тоо, харьцаа хувийг нь уугуул ойд хийсэн ажиглалт судалгааны үндэслэл дээр тогтооно.

Гэхдээ зарим цэцэрлэгч, ойчид уг аргачлалыг үг үсэгчлэн дагаж мөрдөлгүй өөрсдийн болон орон нутгийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх нь түгээмэл. Жишээ нь жимсний төрлийн модлог ургамлын суулгацын хувь, төрөл зүйлийг нэмж арчилгаа шаардлагагүй жимсний цэцэрлэгийг богино хугацаанд бий болгож болно.

СУУЛГАХ

Нялх суулгацыг сонгоно гэхдээ үндэс нь симбиотик бактери, мөөгөнцөртэй, аль хэдийн боловсорч бүрэлдсэн үндэсний системтэй байх хэрэгтэй. Царсны суулгац бол мод үржүүлгийн газарт боргоцойноос нь үрслүүлж дор хаяж 2 жил илүү ургуулсан 30 см өндөртэй байх жишээтэй. Бортогонд үрслүүлж ургуулсан суулгац шилжүүлж суулгахад илүү үр дүнтэй аж.

Нягтшил нь төрөл зүйлийн хоорондын өрсөлдөөнийг өдөөх мөн байгалийн жамаар үүсэх ургамлын төрөл зүйлийн хоорондын харилцан шүтэлцээг нь ойролцоогоор бүрдүүлэх зорилготой. Дунджаар 1м2 талбайд 2-7 суулгац, зарим бүсэд тухайн бүс нутгийн онцлогоос шалтгаалан бүр илүү олон байж болно. Манай орны нөхцөлд мөн PNV-н ажиглалт судалгаа хийсний дараа нэгж талбайд оногдох суулгацын тоо, төрөл зүйлээ тогтооно.

Суулгацаа эгнээ, шаталсан байдлаар бус байгалийн жамаар ойн зах, цоорхойгоор тархан ургах төрөл бүрийн модлог ургамлын загварыг үлгэрлэн санамсаргүй холимог хэлбэрээр суулгана. Харин нэг давхаргад харьяалагдах модлог ургамлыг зэрэгцүүлэн суулгахаас зайлсхийдэг, учир нь өндөр ургасан хойноо өөр хоорондоо босоо орон зайд өрсөлддөг байна.

АРЧИЛГАА

Ой төглөө ургах явцад эхний 2-3 жил тогтмол усалж, шарилж зэрлэгийг нь зулгааснаар ус, шим тэжээл нь зөвхөн ой төгөлдөө зарцуулагдана. Яваандаа ой нь маш нягт, өндөр ургаж нар хөрсөнд тусахаа болих үед зэрлэг ургах боломжгүй болдог. Энэ үед ойд унасан усны дусал бүр агаар мандалд ууршихгүй. Өтгөн ой нь чийглэг агаарыг өтгөрүүлж, чийгээ хадгалж цаашдын услалт шаардлагагүй  болно. Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд ямар ч модыг тайрч, засахгүй.

Хөрсөнд унах навч богино хугацаанд ялзран задарна. Задарсан биомасс нь ялзмаг үүсгэх бөгөөд энэ нь ойн тэжээл юм. Ой төгөл ургах тусам унах навч олширч улам ихсэх ялзмаг нь ойд илүү их хоол тэжээл болж ой улам хурдацтай томорч ургана. Ингээд ой бүрэлдэн үүссэний дараа өөрийгөө дахин дахин нөхөн сэргээсээр байх болно. Нэгэнт тогтворжоод ургаад эхлэх юм бол цаашид тойглож арчлаад байх шаардлагагүй.

Ийм байгалийн төрөлх ойд хамгийн сайн менежмент бол хүний ямар ч оролцоогүй байх.

Хэрэв нэгэн төрлийн мод, нэгэн төрөл зүйлийг бие даан ургуулсан бол ингэж хурдан ургахгүй. 200 илүү жил ургаж бүрэлдэх ойг ингэж 20-30 жилийн дотор бие даасан экосистем бүхий ойг бий болгодог байна.

АКИРА МИЯВАКИ

1950-аад оны сүүлчээр залуу төгсөх ангийн оюутан Акира Мияваки фитосоциологи (phytosociology – ургамлын төрөл зүйлийн хоорондын харилцан шүтэлцээ) чиглэлээр судалгаа явуулж тухайн үед трэнд болж эхэлсэн Potential Natural Vegetation (PNV – тухайн хүрээлэн орчинд хүний ямар ч нөлөө, оролцоогүй бүрэлдэж болох ургамлын төрөл зүйл)-н концепцыг сурч ойлгохын зэрэгцээ уугуул нутгийнхаа ургамал, ялангуяа Shinto сүмийн “ариун шүтлэгт ой”-г ойр ажигласнаар энэ ой төгөл нь модлог ургамлын титэм, үндсэн бүлэг, дэд зүйл, бут сөөг, бүрхүүл ургамал гэсэн дөрвөн зүйл бүлгийн давхарга агуулсан унаган ойн цаг хугацааны капсул үүсгэсэн байдгийг олж мэджээ.

Дээрх дөрвөн бүлгийн систем, үүн дээр тулгуурлан хийсэн судалгаа болон PNV, мөн фитосоциологийн талаарх мэдлэг дээрээ үндэслэн Мияваки өөрийн ой төгөл ургуулах арга технологийг боловсруулсан нь Мияваки арга технологийн үндэс, суурь зарчим нь болдог. Энэ нь хүний ямар ч нөлөө, оролцоогүй бүрэлдэн тогтсон 100 биш бүр 1000 жилд бүрэлдэх ойн экосистем юм. Мияваки нь байгалийн өөрийгөө нөхөн сэргээх энэхүү процессыг хурдасгахыг эрэлхийлж байгаа бөгөөд үүгээрээ аль болох унаган ойн бүтэц, төрхийг хадгалах зорилготой.

Мияваки аргачлалаар дэлхийн 15 оронд 40 сая гаруй мод тарьснаас хүйтэн сэрүүн бүсээс халуун орны ойн бүсийн уугуул ой модыг хүртэл нөхөн сэргээжээ. Ялангуяа Японд нийт 550 байрлалд Мияваки ой суулгасан нь бүгд амжилттай болсон бөгөөд нэмж далайн эрэг дагуу цунами давлагааны түрэлтийн хохирлоос хамгаалах зорилгоор 90 сая илүү унаган мод тарьж ургуулсан байна.

Сонирхолтой нь 1998 онд Мияваки өөрийн технологийн анхны туршилтаа Хятадын цагаан хэрэм дагуух Монгол царс (Quercus mongolica) зонхилсон доройтсон ойг нөхөн сэргээх төслөөр эхлүүлжээ. Нийт 400,000 мод суулгаснаас 2004 онд ойгүй нүцгэрсэн талд суулгасан мод нь 3 метр хүртэл өндөр, 2007 оноос нэг газраас бусад бүх талбайд суулгасан мод нь ургаж ой нь бүрэн нөхөн сэргэсэн байна.

Өнөөдөр Миявакийн аргачлалыг нутагшуулж буй Шубхенду Шарма (www.afforestt.com) нарын шавь, дагалдагчид, стартап-ууд дэлхийн даяар олширч хүрээгээ улам тэлсээр байна. Тэд өөрсдийн хуримтлуулсан мэдлэг, туршлагаа сонирхсон хүмүүстэй харамгүй хуваалцдаг. Ялангуяа Шарма PNV-н ажиглалт явуулах, тухайн орон нутагт олдоцтой хямд материал ашиглан Мияваки ой ургуулахад мэргэжлийн зөвлөгөө, сургалтыг Ази, Америк, Европын олон хотод зайнаас болон газар дээр нь өгч ирсэн. Мияваки аргачлалын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө, сургалтыг доорх холбоосоор холбогдон авч болно.

ДАВУУ, СУЛ ТАЛУУД

Бүх юманд таарах нэг томьёо, аргачлал гэж үгүй. Үүний адил, ойжуулах олон арга технологи болгон өөрийн давуу, сул талтай. Үүний нэг нь Мияваки.

Давуу тал:

  • Харьцангуй богино хугацаанд ойг ургуулна,
  • Бүхэл бүтэн экосистемийг бүрэлдүүлнэ,
  • Ердийн ойтой харьцуулахад 40 дахин илүү нүүрстөрөгчийг шингээнэ,
  • Амьдрах магадлал өндөр,
  • Ямар ч химийн бордоо хэрэглэхгүй,
  • Арчилгаа зөвхөн эхний 3 жилд шаардагдана.

Түүнчлэн, Японд газар хөдлөлт, гал түймэр, цунами гэх мэтийн олон давтамжтай байгалийн гамшгийг багасгах зорилгоор Мияваки ойг дэд бүтцийнхээ эргэн тойронд бодлогоор ургуулдаг бөгөөд ялангуяа хурдныхаа зам дагуу уг ойг ихээр суулгахад Японы Барилгын яамнаас түлхүү анхаарч иржээ.

Сул тал:

  • Мияваки технологийг нутагшуулахын тулд урьдчилан тухайн орны унаган ой, ойн бүсийн модлог ургамал, хөрсний онцлогт маш нарийн ажиглалт, судалгааг явуулж аргачлалаа зохицуулан боловсруулах хэрэгтэй,
  • Дээрх тандалт судалгаа хийх, хөрс боловсруулах, суулгац үрсэлгээ бэлтгэх, нягт ойр суулгах, г.м. анхан шатны үйл ажиллагааны өндөр зардалтай,
  • Зарим хүрээлэн орчны мэргэжилтнүүд Мияваки ой нь байгалийн ойг орлож чадахгүй гэдэг, түүнчлэн
  • Томоохон хэмжээний ойжуулах ажил нь их ажиллагаатай, иймээс энэ арга багахан талбай эсвэл хот сууринд ногоон байгууламжийг богино хугацаанд бий болгоход илүү тохирно гэж үзэх нь бий.

Дээрх давуу, сул талыг харгалзан манай нөхцөлд Мияваки ой ямар чиглэлийн ойжуулалт, нөхөн сэргээлтэд илүү тохирох эсэхийг урьдчилсан судалгаа, туршилтыг үндэслэн холбогдох салбарын мэргэжилтнүүд сонгох нь зүй. Үүнд хот суурин газрын ногоон байгууламж, уул уурхайн талбай нөхөн сэргээх, авто замын дагуу болон элсний нүүдлийг зогсоох ойн зурвас богино хугацаанд үүсгэх г.м.

Үүний хажуугаар хот суурин газрын ногоон байгууламжийг өргөтгөхөд Мияваки хөрс боловсруулах аргачлалаас санаа авах зүйл их бий.

Олон оронд Мияваки ойг амжилттай нутагшуулж, суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд их ахиц дэвшил гаргасан ч унаган ой шиг байгалийн жам ёсоор үүсэх ойг ямар ч ойжуулалт орлож чадахгүй. Гэсэн хэдий ч уг байгалийн ой үүсэх жам ёсны явцын товчилсон хувилбар болох Мияваки аргачлал нь унаган ойг зарим талаар орлон, нөхөж болно хэмээн мэргэжилтнүүд үздэг.

Шагдарын Цогтбаатар

Эх сурвалж:

  1. Miyawaki, A., ‘Restoration of urban green environments based on the theories of vegetation ecology’, Ecological Engineering 11, 157–165, 1998.
  2. Miyawaki, A., ‘Creative Ecology: Restoration of Native Forests by Native Trees’, Plant Biotechnology, 16(1), 5-25, 1999.
  3. Singh, C., Saini, G., ‘Sustainable solution for urban environment: Miyawaki Forest’, “Advancements in Engineering, Science, Management, and Technology” v.5, Special Issue 04, April 2019.
  4. Manuel, C., ‘The Miyawaki method – Data & concepts’, Urban Forests company, 2020.
  5. Kusbach A., Štěrba T., Smola M., Novák J., Lukeš P., Strejček R., Škoda A., Bažant V., Pondělíčková., ‘Development of forests and the gene pool of local forest tree ecotypes in Mongolia’ Project CzDA-RO-MN-2014-6-31210. ÚHÚL Brandýs nad Labem, Czech Republic 2017.
  6. Miyawaki, A., 2022, akiramiyawaki.com
  7. Afforestt Eco Services Private Limited 2017, ‘Miyawaki method of forest creation’, afforestt.com