Мод тоосонцор бууруулна

Facebook Twitter

Мод PM тоосонцрыг >50% бууруулдаг

Анхны цас орж хүйтэрсэн өглөө миний охин гадаа гараад ээждээ “Ээжээ, өвөл үнэртэж байна” гэж билээ. Утааг хэлсэн нь энэ. Харин би багадаа өвлийн үнэрийг цас орсны дараах цэвэр хүйтэн агаар, бэлгийн уутнаас анхилах алим, жүржний үнэрээр төсөөлдөг байсан.

Өнөөдөр бидний үр хүүхдүүддээ өвлүүлээд байгаа энэ утаанд CO2 нүүрстөрөгчийн давхар исэл, NOx азотын исэл, SO2 хүхрийн давхар исэл, РМ тоосонцор зэрэг 260 хол давсан хорт бодисууд агуулагддаг байна. Үүнээс РМ тоосонцор нь хүний эрүүл мэндэд хамгийн их сөрөг үр дагавартай бөгөөд хотын агаарыг бохирдуулдаг эх үүсвэр нь юм. Нийслэл маань дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын тоонд ордгийг бид мэднэ.

Тоосонцрын талаар хүн бүр өөр өөрийн ойлголттой байдаг гэтэл тоосонцор гэж ер нь юу юм бэ?

Тоосонцор РМ (particulate matter) гэдэг нь агаарт дэгдсэн янз бүрийн хэлбэр, хэмжээтэй органик ба органик бус хатуу бичил эд/биетүүд болон шингэн дуслууд юм. Хэмжээгээр нь тоосонцрыг PM10 буюу 2.5-аас 10 микрон хүртэл хэмжээтэй бүдүүн ширхэглэгт тоосонцор, PM2.5 буюу 2.5-аас бага микрон хэмжээтэй нарийн ширхэглэгт тоосонцор гэж 2 ангилдаг. Харьцуулбал хүний үсний диаметр нь 50-70 микрон бөгөөд 1мм нь 1000 микронтой тэнцэнэ.

Зураг 1: Тоосонцрын хэмжээ

Тоосонцрын хэмжээ нь тоосонцрыг агаарт хэр зэрэг удаан тогтон, тархахтай шууд холбоотой. Жишээ нь PM2.5 хөнгөн жижиг тул хэдэн цагаас хэдэн 7 хоног хүртэл агаарт хөвөн хотоос гадагшлан хэдэн аймаг даван тархаж болно. PM10 нь харьцангуй том хүнд тул хэдэн минутаас хэдэн цагаар агаарт хөвөн хотын нэг дүүргээс нөгөө дүүрэг хүртэл тархана.

Хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь тоосонцрын хэмжээтэй мөн холбоотой. PM10 нь уушгинд нэвтэрч цэр салстаар дамжин гадагшилж болох бол харин PM2.5 нь уушгины хамгийн гүн хэсэгт (alveolar) нэвтэрнэ. Уушгины энэ хэсэгт тоосонцрыг гадагшлуулах ямар ч механизм байдаггүй тул уг хэсэгт үлддэг бөгөөд хэрэв усанд уусах чанартай тоосонцор бол хэдхэн минутын дотор цусаар дамжиж бусад эрхтэн тухайлбал зүрхэнд хүрэн цочроож зүрх судас, хорт хавдар, амьсгалын замын системийн өвчлөл зэргийг үүсгэх ба цаашлаад дутуу төрөлт, ургийн гажиг зэрэг бусад эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Тоосонцор нь зөвхөн хэлбэр, хэмжээгээрээ өөр байгаад зогсохгүй эх үүсвэр, бодисын найрлагаараа мөн ялгаатай. Барилгын ажил, гудамж талбайн цэвэрлэгээ, салхи шуурга, хүн, автомашины хөдөлгөөн зэрэг голдуу механик ажиллагаанаас бүдүүн ширхэглэгт тоосонцор PM10 үүсдэг. Түүнчлэн ургамлын тоос, бактери, хөгц, үнс, хөө тортог зэрэг нь бүдүүн ширхэглэгт тоосонцорт орно. Харин агаарт явагдах химийн урвал нарийн ширхэглэгт тоосонцор PM2.5 үүсгэдэг байна. Эх үүсвэр нь дотоод шаталтын хөдөлгүүр, нүүрс болон бусад түлшний шаталтаас үүссэн хорт хий ба энэ нь агаарт ууршиж дараа нь хатуурч, ижил химийн найрлагатай тоосонцор болон хувирахаас гадна агаарт байгаа нөгөө NOx, SO2, дэгдэмхий органик нэгдэл, хүнд металл гэх мэт бусад хорт хий, тоосонцортой урвалд орж, өөр нарийн химийн найрлага, олон бодисын нэгдэл бүхий нарийн ширхэглэгт PM2.5 тоосонцор үүсгэдэг байна. Үүгээрээ PM2.5 нь илүү хор хөнөөлтэй. Түүнчлэн тамхины утаанд PM2.5 ноёлдог.

Ингээд бид агаарт дэгдэн тархаж буй олон төрлийн органик ба органик бус хорт бодисуудын нэгдэл, эдгээр “тоосонцруудын багц”-аар өдөр тутам хүссэн хүсээгүй “бөөндөн” амьсгалдаг. Үүгээрээ РМ тоосонцор нь “Номер 1” агаар бохирдуулагч хэмээн томьёологдоод байгаа юм.

За одоо гол сэдвээ хөндье.

Мод нь хүлэмжийн хийг бууруулан хүчилтөрөгч ялгаруулж, агаарын бохирдлыг бууруулдаг гэдгийг хүн бүр мэднэ. Харин РМ тоосонцрыг хэр зэрэг үр дүнтэй бууруулдаг талаар нарийн судалгаа, мэдээлэл хомс.

Америкийн Ойн Алба болон Сиракьюсийн Дэйвей Хүрээлэнгээс 2012 онд Америкийн Атланта, Бостон, Чикаго, Нью Йорк, Сан Франциско, Лос Анжелес зэрэг 10 хотуудад мод нь PM2.5 нарийн ширхэглэгт тоосонцрыг хэрхэн бууруулдаг, энэ нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар модель дээр хийсэн судалгаагаар дээрх хотуудад ой нь жилдээ 223 тонн PM2.5 нарийн ширхэглэгт тоосонцрыг хуримтлуулан бууруулдаг ба үүнд хүний эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөөллийг нь мөнгөн дүнгээр тооцоолоход жилд Нью Йоркод 60 сая, Чикагод 28 сая, Лос Анжелест 24 сая ам.доллар тус тус болсон байна.

Үүний зэрэгцээ 2013 онд Английн Ланкастерын Байгаль Орчны Төвөөс мод нь тоосонцрыг хэрхэн бууруулдаг талаарх судалгааг модель, лабораторид биш бодитоор Ланкастерын хөдөлгөөн ихтэй замын дагуу байрлах эгнээ 8 амины орон сууцыг сонгон авч хийжээ. Уг замаар өдөрт 12,000 гаруй автомашин зорчдог бөгөөд замын дагуу ямар ч мод суулгаагүй байсан байна. Туршилтын эхэнд байшин бүрийн дотор автоматжуулсан тоосжилт хэмжих төхөөрөмжөөр хэдэн өдрийн турш, 10 минут тутамд тоосжилтын хуримтлал, тоосонцрын хэмжээний сорилтуудыг авчээ. Түүнчлэн LED, плазм телевизорын дэлгэцүүдээс төмрийн хольцтой тоосонцрын сорилтыг мөн авсан байна.

Үүний дараа модон торхонд суулгасан 30ш залуу хус моднуудыг туршилт хийж буй зам дагуу түр суурилуулж, 13 хоногийн туршид дахин сорилт хийжээ. Гэхдээ эдгээр хус моднуудыг зөвхөн туршилтын 4 байшингийн урд зам дагуу байршуулсан байна. Сорилтоор зам дагуу урдаа мод суурилуулаагүй 4 байшинтай харьцуулахад, урдаа мод суурилуулсан 4 байшингийн телевизорын дэлгэцүүдээс авсан төмрийн хольцтой тоосонцор нь 52 – 64%, мөн автоматжуулсан тоосжилт хэмжих төхөөрөмжийн гаргасан үзүүлэлтээр РМ1.0*, PM2.5, PM10 тоосонцрын хэмжээ нь 50%-иас илүү “буурсан” үзүүлэлттэй гарсан байна.

 

Зураг 2: Ланкастерын туршилтын байшин, моднууд

Зам дагуу суулгасан хус моднуудын навчийг электрон бичил дурангаар шинжихэд РМ тоосонцор, ялангуяа төмрийн хольцтой тоосонцор нь навчин дээрх үслэгийн эргэн тойрон болон навчны микро өнгөрт хуримтлагдсан байв. Энэ төмрийн хольцтой тоосонцор нь автомашины утааны ялгаралт болон тоормосны үрэлтээс голчлон үүcдэг байна.

Эдгээр туршилтын моднууд нь залуу зулзаган моднууд байгааг та анзаарсан байх. Тэгвэл нас бие гүйцсэн мод дөнгөж суулгасан зулзаган модноос 70 дахин илүү бохирдол бууруулж чаддаг байна! Тэгэхээр мод ургаж томрох тусам тоосонцрыг бууруулах чадвар, хуримтлуулах багтаамж нь улам ихэснэ гэсэн үг.

Дээрх туршилтаас харахад РМ тоосонцрын хэмжээг бодитойгоор бууруулах энгийн арга нь мод суулгах, мод суулгахдаа парк, цэцэрлэг, уулын бэлээр голчлон төвлөрүүлэн суулгахаасаа илүүтэйгээр хот төлөвлөлттэй уялдуулж хөдөлгөөн ихтэй замын дагуу, ялангуяа агаарын бохирдол ихтэй гэр хорооллын зам, гудам дагуу түлхүү тараан суулгах нь үр дүнтэй юм.

Улаанбаатарын зарим агаарын их бохирдолтой голомтод замын тоосжилт нь нүүрсний утаанаас дутуугүй агаарын бохирдлыг үүсгэдэг. Жишээ нь: хяналтын цэгийн ажиглалтаар хотын агаарын бохирдол ихтэй цэгийн нэг МУИС-ийн орчимд РМ10 тоосонцрын агууламжийн жилийн дундаж үзүүлэлтийн 50%-ийг гудамж, замын гадаргуугаас дэгдсэн тоосонцор бүрдүүлдэг байна. Үүн дээр автомашины утаа хүний амьсгалах орчин тойронд цацагддаг бөгөөд утаан дахь найрлага, хүний эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөөгөөрөө нүүрсний утаанаас илүү аюултай. 2015 оны байдлаар Улаанбаатар хотын нийт 332 мянган автомашины 70-аас илүү хувийг 10 ба түүнээс дээш жилээр ашигласан хуучин тээврийн хэрэгслүүд эзэлдгээс дизель хөдөлгүүртэй автомашин нийт тээврийн хэрэгслийн 30 гаруй хувийг эзэлж байна. Дизель хөдөлгүүртэй автомашин нь бензин хөдөлгүүртэй автомашинаас даруй 20 дахин илүү РМ тоосонцор ялгаруулдаг.

Улаанбаатарт агаарын бохирдол нь автомашины утаанаас гадна цахилгаан станц, уурын зуух болон гэр хорооллын дутуу шатсан түүхий нүүрснээс голлон үүдэлтэй. Иймээс гэр хорооллын болон амины орон сууцтай айлууд хашаандаа бас мод нэмж суулгах нь илүү үр дүнтэй. Учир нь мод тоосонцрын эх үүсвэрт ойр байх тусмаа тоосонцор илүү хуримтлуулан бууруулдаг байна. Ногоон байгууламж нь нүүрс болон бусад хатуу түлшний шаталтаас үүдэлтэй тоосонцрыг ямар үр дүнтэй бууруулах талаар дээрх туршилтыг мөн гэр хороололд хийхэд бүрэн бололцоотой.

Зураг 3: Гэр хороололд ногоон байгууламж тоосонцор бууруулах нь

Манай эх газрын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд навчит мод нь улирлын чанартай навчаа гөвөх тул өвлийн улиралд тоосонцор хуримтлуулах үзүүлэлт нь буурдаг. Харин шилмүүст мод нь шилмүүсээ гөвөлгүй жилийн 4 улирлын туршид тоосонцрыг хуримтлуулах ба навчит модтой харьцуулахад ус бага хэрэглэдэг, шим тэжээл багатай хөрсөнд илүү ургаж чаддаг зэрэг давуу талуудтай.

Тэгвэл шилмүүст мод навчит модтой харьцуулахад РМ тоосонцрыг хэр бууруулж чадах вэ?
Энэ талаар 2016 онд Хятадын Бээжин, Чунчин хотуудад навчит болон шилмүүст модны PM2.5 нарийн ширхэглэгт тоосонцрыг хуримтлуулах чадварыг харьцуулсан судалгааг нийт 25 төрлийн навчит болон шилмүүст моднууд дээр тулгуурлан хийжээ.

Судалгаагаар навчит модтой харьцуулахад шилмүүст мод нь тоосонцрыг илүү хуримтлуулдаг болох нь ажиглагдсан байна. Жишээ нь улиасны төрөл навчит мод (Populus tomentosa) нь туршилтын явцад 170.43 мг тоосонцор, шилмүүст төрлийн мод (Cunninghamia lanceolate) нь 484.08 мг тоосонцор буюу уг навчит модноос даруй 2.8 дахин илүү PM2.5 тоосонцрыг хуримтлуулсан байна. Дээрх 2 мод нь туршилтад оруулсан навчит болон шилмүүст моднуудаас хамгийн их тоосонцор хуримтлуулсан 2 төрөл нь юм. Туршилтад оруулсан бусад навчит болон шилмүүст моднуудын тоосонцор хуримтлуулах үзүүлэлтүүд нь харьцангуй өөр гарсан боловч шилмүүст моднууд тоосонцор хуримтлуулах дундаж үзүүлэлтээрээ илүү давамгайлсан байна.

Навчит болон шилмүүст модны тоосонцор хуримтлуулах чадвар нь уг модны нийт навч эсвэл нийт шилмүүсний гадаргуугийн эзлэх талбай, навч шилмүүсний бүтэц, үүнд навчны үслэг, амсар (stomata), өнгөр зэргээс шууд хамааралтай. Навч нь гөлгөр, гадаргуугийн талбай багатай бол үзүүлэлт нь буурах жишээтэй. Шилмүүст модны тоосонцор давуу хуримтлуулах чадвар нь нийт шилмүүсний гадаргуугийн эзлэх талбай нь навчит модны нийт навчны гадаргуугийн эзлэх талбайтай харьцуулахад илүү байдагтай голчлон холбоотой юм байна.

Дээрх туршилтуудаас үзэхэд, тоосонцрыг үр дүнтэй бууруулахад мод суулгах байршлаас гадна модны сонголт чухал ба шилмүүст модыг түлхүү суулгаж өгөх нь өвлийн улиралд тоосонцор ихэсдэг манай нөхцөлд илүү үр дүнтэй харагдаж байна. Тоосонцрыг бууруулахад хамгийн тохирох манай орны навчит болон шилмүүст моднуудын төрлүүдийг сонгохдоо уг моднуудын онцлог, навч, шилмүүсний нийт гадаргуугийн талбай, бүтцээс гадна бохирдлыг тэсвэрлэж чадах үзүүлэлт, чадварыг нь харгалзан үзнэ. Модонд ч гэсэн бохирдлыг тодорхой хэмжээнд өвчлөлгүйгээр тэсвэрлэж чадах хязгаар байдаг ба уг хэмжээ нь хэтэрвэл өвчилдөг байна. Амьд биет шүү дээ. Түүнчлэн мод суулгахдаа салхи, агаарын урсгалыг хааж болзошгүй модны хэт нягтрал, эмх замбараагүй төлөвлөлтөөс зайлсхийх нь тухайн орчинд РМ тоосонцрын хуримтлал үүсэхээс сэргийлнэ. Иймээс модны сонголт, төлөвлөлт, суулгалт, арчлалт энэ бүхэнд ойн мэргэжлийн байгууллагын зөвлөмж, оролцоо зайлшгүй хэрэгтэй.

Мод суулгах нь нийт ажлын 10%, үлдэх 90% нь модыг бие даан амьдрах чадвартай болтол 3-аас доошгүй жилийн туршид байнгын арчилгаа, тордолт, хамгаалалтаас шалтгаалдаг тул энэ ажилд “мэргэжсэн” хувийн хэвшлүүдийг өргөнөөр татан оруулах нь илүү үр дүнтэй. Манайд нялх модыг суулгаад арчилгаа, тордолтыг орхигдуулдаг нь нийтлэг. Арчлахгүй бол суулгаад яахав, тийм үү?

Модыг арчлах, хамгаалах ажлуудыг хариуцсан эзэнтэй болгох, хувийн хэвшлүүдийг татан оруулахад төр засгийн зүгээс тодорхой бодлого, санхүүжилт, эрх зүйн орчны дэмжлэгээс гадна урт удаан хугацааны эдийн засгийн тогтвортой хөшүүрэг хэрэгтэй. Үүнд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж буй төслүүдэд урамшуулал олгох, олон улсын цэвэр хөгжлийн механизм, сан, хөтөлбөрүүдэд хамруулах нь төслийг зогсолтгүй үргэлжлүүлэн явуулж, үйл ажиллагааг нь тэлэхэд чухал үүрэгтэй. НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан (Green Climate Fund), Дасан зохицох сан (Adaptation Fund), мөн манайд 2013 оноос эхлэн хэрэгжүүлж буй Монгол-Японы хамтарсан кредит олгох механизм (Joint Crediting Mechanism) зэрэг төсөл хөтөлбөрүүдэд шаардлагатай бол төр засгийн зүгээс зохицуулалт, дэмжлэгтэйгээр хамруулж болох юм. Түүнчлэн хашаандаа мод, бут, зүлэг мэт ногоон байгууламжтай эсвэл гэрийн халаалт нь эко шийдэлтэй, мөн сайжруулсан түлш хэрэглэдэг айл өрхүүдийг цахилгааны тариф эсвэл сайжруулсан түлшний тодорхой хувийн хөнгөлөлт зэрэг бусад боломжтой урамшуулал олгож, олон нийтийг татан оруулах механизмуудыг нэвтрүүлж болно.

Тоосонцор үүсгэж буй эх үүсвэрүүдийг халж, зохицуулалт хийн, шинэчлэн өөрчлөхөөс нааш зөвхөн ногоон байгууламжаар тоосонцрын асуудлыг бүрэн шийдэхгүй, гэхдээ зохих хэмжээнд бууруулах бүрэн бололцоотой. Ногоон байгууламж нь та бидний гар дор бэлэн байгаа хамгийн энгийн, бодитой, хямд төсөр, агаарын бохирдолтой тэмцэх гол хүчин зүйл гэдгийг бид мэднэ. Харин гүйцэд ажил хэрэг болгоход бидний өөрсдийн идэвх зүтгэл, санаачилгаас гадна мэргэжлийн байгууллагуудын зохих чиглэл, тодорхой мэдээлэл, сурталчилгаа дутагдаж байна. Жишээ нь: Танд эмийн санч ханиад томууны шинэ эмийг “ханиад томууны үед хэрэглэнэ”, эсвэл “одоо тархаад буй ханиад томууны вирусийн эсрэг гаргасан эм” гэж зөвлөвөл хоёр дахь хувилбар нь таны анхаарлыг татаж хэтэвчийг тань нимгэлэх болов уу.

Төр засгаас гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцанд оруулж, хуучирсан автомашинуудыг цэгцэлж, хатуу, шингэн түлшийг сайжруулан утаанаас салгаж өгөхийг нь хараад суухын оронд хувь хүмүүс, хувийн хэвшлүүд “бүх нийтээрээ” санаачилгыг өөрсдөө гартаа авч хашаан дотроо, оффис, байр хотхоныхоо эргэн тойронд мод, бут суулган “тордож”, дэм дэмэндээ өөрсдийнхөө эрүүл мэндэд хүн бүр хөрөнгө оруулалт хийх цаг нь болсон.

Өнөөдөр гэр хороололд айл өрх, хувийн хэвшлүүд хашаандаа мод, бут мэр сэр суулгасан харагддаг боловч надад Сонгино Хайрхан дүүргийн 22-р хорооны Тахилт дахь нэгэн хашаа содон харагдсан юм.

Зураг 4: Сонгино Хайрхан дүүрэг, 22-р хороо, Тахилт.

Зураг мянган үг хэлнэ гэдэг. Энэ хашааны баруун, зүүн, хойд талаар зам дагуу эгнээ модыг хүрээлүүлэн суулгаж, хэр зэрэг “тордон” ургуулсныг та харж байна. Сэтгэл, санаачилга хоёр байхад болж байна шүү дээ, яагаад үүнээс үлгэр авч болохгүй гэж…

Энд би зөвхөн модны РМ тоосонцрыг бууруулах ач холбогдлын талаар цухас дурдлаа. Үүн дээр мод хүлэмжийн хий бууруулдаг, хүчилтөрөгч үйлдвэрлэдэг, ундны эх үүсвэрийг нэмэгдүүлдэг, гэр байшинг халаах, хөргөх эрчим хүч хэмнэдэг, үл хөдлөх хөрөнгийн үнэлэмжийг нэмэгдүүлдэг, цаашилбал уулын үерийг тогтоож, гэмт хэргийг хүртэл бууруулдаг гээд модны үр өгөөж хязгааргүй.

Ногоон байгууламжийг хот хөдөөгүй өргөтгөснөөр бид зөвхөн РМ Тоосонцрыг бууруулаад зогсохгүй хүлэмжийн хийг бүх нийтээр бууруулах үйлсэд** өөрсдийн хувь нэмрээ давхар оруулна.

Шагдарын Цогтбаатар

* РМ1 – 1 микроноос бага нарийн ширхэглэгт тоосонцор.
** 2016 онд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрт Монгол Улс нэгдсэнээр 2030 он хүртэл хүлэмжийн хийг 14%-иар бууруулах үүрэг хүлээсэн.

АШИГЛАСАН МАТЕРИАЛУУД:

  • Maher, B.A. et al. 2013. “Impact of roadside tree lines on indoor concentrations of traffic-derived particulate matter”. Environmental Science & Technology
  • Environmental Science and Pollution Research; 2016 “Quantifying PM2.5 capture capability of greening trees based on leaf factors analyzing”
  • Beckett KP, Freer Smith PH, Taylor G; 2000 “Effective tree species for local air quality management”.
  • D.J. Nowak et al. 2013. “Modeled PM2.5 removal by trees in ten U.S. cities and associated health effects”. Environmental Pollution
  • Очирын Чимэдсүрэн, Кирк Смит; 2014 “Хот суурин газрын агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаа”